Дэлхийн хөрсөнд хичнээн ч цэцэг
Дэлбээлж амжилгүй гандана вэ
Хаа сайгүй хичнээн ч хүүхэд
Хайр амсалгүй гундана вэ
Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ
Хүүхэд бол хүүхэд шүү дээ
Томоогүй жаахан тэдний маань
Тоглон шуугих нас нь шүү дээ
Манай гаригт хичнээн ч өдөр
Манан будантай өнгөрнө вэ
Энд тэндгүй хичнээн ч жаал
Инээд баясалгүй өснө вэ
Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ
Хүүхэд бол цэцэг шүү дээ
Навчин дундаас цэцгийн дэлбээ
Нарын гэрэлд дэлгэрнэ шүү дээ
Даян дэлхийд хичнээн ч гэр
Дайны галд эрсдэнэ вэ
Түмний гэмгүй хичнээн ч үр
Түүний хөлд өртөнө вэ
Хүмүүс минь ээ, хүмүүс минь ээ
Хүүхэд бол маргааш шүү дээ
Газар дэлхийн хувь заяа
Ганцхан тэдний гарт шүү дээ
(аяыг Б.Шарав)