2010-10-16
Шинжлэх ухаанд өөрийгөө өргөсөн эрдэмтэн

Ай, 1958 оны намар. Би Булганаас Хөвсгөлийн машины тэвшин дээр араардуу зайчлан сууж арай гэж багтаад бөөн тоос шороо болсон амьтан нийслэл хотдоо ирж билээ. Шуудай үүрч шарваар өмдийг шалхагнуулсан арван долоотой жаал хүү их сургууль гээчийг эрсээр гудамж хэсч гарлаа. Тааралдсан нэгнээс сураглан асуувал “Тэнээг, дээшээ хараач!” гэх нь тэр. Өлийн хартал шилэн пөмбөгөр орой нь нүдэнд туслаа. Их сургууль мөн байна. Баримтат киноноос харж нүдэндээ тогтоож авсан юм. Хүссэн сургуулийнхаа хаалгыг татаж, боловсон хүчний Аюуш гэдэг хүнтэй уулзвал миний гэрчилгээг харснаа “Монгол хэл, утга зохиолын ангид орон тоо гүйцсэн, тооны ангид ор!” гэлээ. “Үгүй ээ, би номоо гаргасан зохиолч байна” гэж томортол “Чи юу?” гээд наг наг инээж байна. Янз нь итгэхгүй л байх шиг. Тэгэхээр нь хэвлэх үйлдвэрээс будаг нь ханхалсан “Аргатай хүү” гэдэг номоо авчирч үзүүлж байж “Их эр!” гэсэн урмын үг сонсч байж монгол хэлний ангийн хаалга татаж билээ.

Заяа төөргөөр сонин сонин хүмүүс нэг ангид нийлдэг юм байна. Ламын орхимжоор хийсэн юм уу гэлтэй салбаганасан дээлтэй нэг залуу улаан шарыг тунаруулсаар орж ирсэн нь Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав байв. Налайхаас ирсэн гэнэ. Юм л бол хромон гутлынхаа түрийг алгадаж тахтай морь шиг тачигнуулсаар дугуй үсээр духаа чимсэн өндөр залуу Хэнтийн Дадалаас орж ирсэн нь одоо энэ Ардын багш Бавуугийн Цэрэндорж. Пионерийн сонинд “Бух” гэдэг өгүүллэгээ хэвлүүлсэн гэж даруухан ярих бор залууг ирээдүйд Зохиолчдын хорооны дарга болох юм гэж хэн маань зүүдэллээ. Тэр бол “Алтан намар”, “Анхны хайр” тэргүүт олон сайхан дуугаараа алдаршаад байгаа гавьяат нөхөр Дожоогийн Цэдэв.

Мөргөлдөх гэж байгаа юм шиг духаараа харж явдаг нэг залуу Говь-Алтайгаас иржээ. “Утга зохиол” сониноос түүний нэрийг өмнө нь харсан бөгөөд удалгүй “Буурал аав” дуу зохиож оюутан цагтаа олны танил болсон Түндэвийн Юмсүрэн гэгч нь тэр. Овод шиг нүүрэндээ сорвитой, насаар биднээс ахимагдуу болов уу гэмээр Маандайн Шинэхүү гэгч нэгэн цэмцгэр эр яах ийхийн зуургүй ангийн дарга болж үзэл бодлын хувьд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш зүтгэлсэн тийм ч амаргүй сүргийг захирах болов. Шинэхүү цагаан цамц, улаан зангианаас сална гэж ер үгүй. Хутганы ир мэт хурц ирмэг үүсгэн индүүдсэн өмдөөр тэр гангарна. Байнга л Ринчен багш гэж ярих. Өвгөн эрдэмтнийг бурхан багшаас ч илүү шүтдэг бололтой. Ринчен докторын гарын туслахаас оюутны ширээнд шилжиж ирсэн болоод л тэр байх.

Шинэхүү ямагт цэвэр цэмцгэр явна. Хувцсан дээрээ тогтсон үсийг байнга үлээж, өмднийхөө шуумагны тоосыг ямагт л гөвж, гутлаа толийтол зүлгэж явна. Шинэхүүгийн гуталд нүүр харагддаг гэсэн үг хүртэл гарч байсан. Үсээ услаад самначихдаг болохоор нь Шинэхүүгийн үсийг үхэр долоочихож гэхчилэн шоолно. Ангийн дарга болсноосоо хойш “Дихенет (Диканет) тэг гэсэн, ингэ гэсэн” гэж захиргаатах янзтай болж ирэв. Зохиол бичдэг хүмүүс ер нь зоргоороо байх дуртай тул Сүрэнжав бидний чөлөөт иргэд түүнийг нь дагана гэж үгүй. Шинэхүү биднийг нэг хэвд оруулах гэж дэмий л үйл тамаа цайна. “Зарчимгүй этгээд” гэсэн үгээр биднийг цоллож, ангийн хурлын илтгэл айлтгалд хичнээн оруулсан ч харамсалтай нь бахь байдгаараа.

Тэр үед анги танхимд суралцахын зэрэгцээ хотын гудамжинд нүх ухах хичээл мөн ч олон хийсэн дээ. Нийслэлийн дулааны шугамын нүхийг оюутнууд л ухдаг байлаа. Намар оройхон нэг удаа одоогийн “Залуучууд” зочид буудлын өмнө нүх ухах болов. Бүрэнхий болж бүх оюутан тарж одоход ангийн дарга Шинэхүү биднийг тараалгүй барьж нойрмоглосон нэгийг нь бургасаар гуядсаар шөнөжин ус шүүртэл ухуулаад үүрээр гэхэд нөгөө гүнзгийлсэн нүхнээсээ өөрсдөө гарч чадахгүйд хүрч байсан ч удаатай. Өглөө нь Шинэхүүгийг бие муудаж, ухсан нүхнийхээ буланд хэвтээд өгөхөд бид өөрсдийн хувцсаа тайлан хучицгааж билээ. Цурамхийх нойргүй ажиллаж хоносон болохоор алжааж ядарснаа Шинэхүүгээс л боллоо гэлцэж байсан. Харин тэр шөнө нэг сонин юм олж харсан. Томоос том цагаан бөмбөлөг гэрэл цацруулсаар бидний дээгүүр өнгөрөхөд Шинэхүү “Бид том нээлт хийлээ. Төмөр-Очир дарга руу утасдана” гээд гүйж одсон. Удалгүй эргэж ирээд “Төмөр-Очирын эхнэр одон оронч Нинжбадгарт хэллээ. Их сонин үзэгдэл гэж байна” гэсэн. Ямар учиртай бөмбөлөг байсныг одоо хүртэл бид гайхан ярилцдаг. Шөнө ажиллаагүй бол тэр гайхамшигт үзэгдлийг бид нүдээр үзэхгүй байсан. Бас маргааш нь бүх оюутан газар ухаж байхад бид амраад шинэ кино үзсэн шиг баяр хөөртэй гүйлдэж явахгүй байсан.

Манай ангийнхан монголын эртний утга зохиолын хичээлд гардаг баатруудын нэрээр бие биенээ өргөмжилж өнөө хүртэл түүгээр нь дуудсаар явна. “Монголын нууц товчоо”-ны Сорхон шард Ш.Сүрэнжав, Бодончар мунхагт М.Шинэхүү, “Жангар” туулийн Хүнд гарт саварт Ц.Аюурзана, Агай шавдал хатанд И.Дуламсүрэн нар өргөмжлөгдөх жишээтэй. Тэр ч байтугай дээд ангийн Г.Дагвадоржид Таргуудай Хирилтуг, эртний утга зохиол заасан Д.Жамбаажамц багшдаа хүртэл Ариг улаан Хонгор нэр хайрласан байдаг юм. Цолыг нь хэлэхэд уурладаг цорын ганц хүн нь мань Шинэхүү. Боржигон хэмээх Чингис хааны овгийг үүсгэсэн Бодончар хэмээх нэрнээс тэгтлээ юундаа жийрхээ аж. Харин түүний нэрийг дагалдсан мунхаг гэсэн үг л уур цухлыг нь хүргэж байсан байх. Юм бүхэн дээр өөрийнхөөрөө байх гэж мугуйдлсан зөрүүдэлж явдагийг нь дайруулж Бодончар мунхаг гэсэн шиг байгаа юм. “Хөөе Бодончар мунхаг аа, битгий илжиг шиг зүтгээд бай!” гэхээр л нүүр нь улас хийж гар зангидан босдог сон. Нээрэн хэн ч мунхаг гэж дуудуулах дуртай байх билээ дээ. Дахин уурлуулаад юүхэв гээд бид ч Бодончар мунхаг гэсэн хочийг нь мартах тийшээ хандав.

Тэгтэл нэг өвөл бас л хэвлэх үйлдвэрийн урд дулааны шугамын нүх ухах болж үнэгүй ажиллах хүч болдогоороо бидний муусайн оюутнууд дайчлагдав. Газар хөлдчихсөн тул царил зээтүү төмөр дээр цохисон мэт хальт үсрээд урагш ахих биш. Гал түлж гэсгээхээс өөр аргагүй. Гар нүцгэн оюутнуудад ямар түлээ түлш гэж байх биш. Түлш олзолж ирэх бүх  нийтийн аянд бүгдээрээ л мордлоо. Бидний уриа: Дэл сул юм байвал дэлсээд бай, баригдвал бие биенээ нэрээр дуудаж болохгүй шүү! гэлцэж явтал Шинэхүү “Та нар намайг Бодончар мунхаг аа! гэж дуудаарай” гэв. Бид инээлдэж “За чи хочоо өөрөө хүлээн зөвшөөрлөө шүү” гэсэн үгээр түүний амыг үдэж билээ.

Оюутны жилүүдэд Шинэхүүгийн далд авьяас улам л нээгдсээр байсан. Нөхдийнхөө амьдралд тохиолдсон баярт үйл явдал дээр нарийн цээл хоолойгоор уртын дуу жингэнүүлж гарна. Тэгэхдээ ганцхан дууг. Ямар ч найр цэнгэл дээр “Хулст нуур”-аа л дуулна. Түүнээс өөр дуу аялж байхыг нь сонсоогүй юм байна. Ямар сайндаа л манай Шинэхүү төрийн дууллыг уртын дууны аяар дуулдаг гэсэн шог үг тарж байхав дээ. Тэр бол дангай яриа. Их сургууль төгсөхийн өмнөхөн Шинэхүүгийн шинэ авьяас нээгдэв. Манайхан төгсөлтөд зориулсан ханын сонин гаргах гээд бүгд л санаа оноогоо нэмэрлэж байв. Нэг харсан чинь Шинэхүү маань шууд л бийр будаг нийлж ангийн нөхдөө хошин шог зургаар дүрслээд гардаг байна шүү.

Аварга биет Гуливерийн дүрээр ангийн дарга Ц.Аюурзаныг ханын сонин дүүргэн зурах нь тэр. Жигтэй том гараараа хамт олноо өмгөөлөн хамгаалж байгаа янзтай. Дээлэн дээр зангиа зүүж, бүрх малгай духдуулсан Их Нацагдоржийн танил дүрээр Ш.Сүрэнжавыг зурсан байлаа. Чулуунжав, Онон, Сэсэнжав, Дэнсмаа нарын охидыг “Хунт нуур” бүжгэн жүжгийн баатрууд маягаар дүрсэлсэн шиг санагдана. Намайг дипломын ажлын минь сэдвээр Цогт тайж болгон зурсан байв.

Шинэхүү бичгийн соёлыг төгс эзэмшсэн хүн байсан. Шинэ хуучин бичгийн алинаар нь ч гаргацтай сайхан бичнэ. Ялангуяа худам монгол бичгээр ёстой сийлж өгнө дөө. Тэр үед уран бичвэрийн тэмцээн зохиодог байсан бол өмнө нь гишгэх хүн гарах байсан болов уу. Аль оюутан байхаасаа л бурхан тахил, ном судар, хонх дамар, даалин хөөрөг цуглуулж эхэлсэн хүн. Оюутны байрны дарга болж тусгай өрөөнд ганцаараа залрахдаа цуглуулгаа ил гарган өрж, музейн үзмэр дунд суугаа мэт харагддаг байсан. Үндэстний соёлоо эрхэмлэн дээдэлдэг, түүний төлөө амиа өгөхөөс ч сийхгүй явдаг нэгэн байлаа. Харамсалтай нь аж төрж байсан цаг үе нь түүнийг ойлгоогүй. Ринчен багшийг нь түншиж байсан эрх баригч намын үзэл суртлын муна шавийнх нь толгой дээр ч бас бууж байсан удаатай.

Шинэхэн дипломтой Шинэхүү багш өсч төрсөн Ховд нутгаа зорин очиж, арван жилийн сургуульд нь багшлах боллоо. Үндэсний бичиг соёлоо гаргуун сайн мэддэг эрдэм чадал төгс багш очсон нь Ховдын хүүхдүүдэд азтай сайхан үйл явдал байсан байж таарна. Гэтэл аймгийн намын хороо түүний хүзүүнээс үндэсний үзэлтэн гэдэг дөнгө зүүж, Ховдын бага Ринченг хувьсгалт намын ташуураар хорсгох аянаа эхлүүлжээ. Хичээл дээр монгол дээл малгайтай, хэт хутга зүүн орж, хүүхдийн өмнө алиа салбадай мэт дөвчигнөж байсан гэж төвийн сонинд хүртэл бичсэн гэж байгаа. Шинэхүү даан ч тийм дайралтад шантрах хүн биш учраас Ринчен багшийнхаа харьшгүй зоригоор жигүүрлэн эрдэм судалгааныхаа ажлыг тууштай үргэлжлүүлж шинжлэх ухааны шинэ салбар луу улам бүр нэвтрэн орсоор байлаа. Ялангуяа манай орны уул хаднаа сийлэгдэн үлдсэн түрэг бичээсийг тайлан уншиж нууцыг нь дэлгэх талаар монгол туургатны өмнө онцгой гавьяа байгуулсан. Түүний туурвиж үлдээсэн нэг сэдэвт зохиолууд нь одоо ч гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татсан хэвээр байна.

Би Завхан аймгийн Баянтэс сумын дэргэдэх Зүрийн овоо, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Бургастайн бичигт цохио, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Ар ханан зэрэг олон газар очихдоо Шинэхүүгийнхээ тайлан уншсан рун бичээсүүдийг үзээд, түүний түрэг судлалд оруулсан хувь нэмрээр нь бахархах сэтгэл төрж суусан. Оюутан ахуйдаа тэр монгол судлалаар дагнаж байснаас түрэг судлал энээ тэрээ гэж юм дуулддаггүй байсан. Хөдөөнөөс ирээд Түүхийн хүрээлэнд ажиллахдаа л бие дааж шинэ мэргэшил эзэмшсэн нь тэр байх.

Ямагт өөрийнхөөрөө гөжүүдлэн зүтгэдэг зан нь Шинэхүүг амжилтад хүргэсэн болов уу гэж би боддог. Аль оюутан байхын л тийм зантай сан. Ямартаа л ангийн сүлд дуунд:

Тахир Чомбо

Танхуу хулгайч

Их Гэндэн

Илжиг Шинэхүү

гэж орж байхав дээ. Ер нь манай ангийнхан юухан дээр ч зад маргалддаг улс байсан. Маргаан ихэвчлэн Шинэхүүгийн зүгээс үүснэ. Нэг удаагийн завсарлагаар Шинэхүү ширээн дээрээ хойш хараад суучихсан “Ринченг гүйцэх чадалтай хүн Монголд байхгүй” хэмээн хашгирч байлаа. Тэр үг арын суудалд суусан Т.Юмсүрэнгийн аазгайг хөдөлгөв бололтой. “Тэгэж ярихгүй, орчин үед оюуны бяр тэнхээгээр Түдэвийн өмнө гишгэх хүнгүй” гэдэг байна, өнөө Юмсүрэн чинь. Нөгөө хоёр өөрсдийн багшаа хамгаалаад арай л барилцаж авсангүй. Манай ангийнхан сүүлдээ бүр хоёр тал болон маргалдлаа. Маргаан биднээс хальж “Уулын үер”, “Үүрийн туяа” хэмээх хоёр романы хэмжээнд хүрэв. Шинэхүү “Ринчен багш энэ цагийн их хүн” гэвэл хариуд нь Юмсүрэн мөчөөгөө өгөлгүй “Түдэв багш ирээдүй цагийн их хүн” гэлээ. Бид тал талаасаа нотлох баримт шидэлцсээр эцэст нь хоёулаа их хүн гэсэн дүгнэлтээр маргаанаа өндөрлөж билээ. Манай ангийнхныг гаднаас нь харвал, ямагт л хэрэлдсэн бух шиг ач тач маргалдсан хоорондоо эвгүй ч юм уу гэсэн сэтгэгдэл төрүүлмээр.

          Гэвч өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал гагцхүү тэр чөлөөт мэтгэлцээн л биднийг өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой хүмүүс болгож хөгжүүлсэн байх. Өөрийнхөөрөө байна гэдэг аль ч салбарт, тэр тусмаа шинжлэх ухааны талбарт шийдвэрлэх хүчин зүйл ч байж мэднэ. Манай Шинэхүү хэзээ ямагт өөрийнхөөрөө байж амжилтад хүрсэн. Эрдэм шинжилгээний ажилдаа тэр хүн хүнээс өвөрмөц ханддаг байсандаа л бусдын анхаарлыг татдаг байсан. Яагаад ч юм бэ, нэг удаагийн эрдэм шинжилгээний бага хурал Эвлэлийн Төв Хорооны хурлын танхимд болж Шинэхүү илтгэл тавьсан юм. Хурлын завсарлагаар мань хүн хавтас сугавчилсаар гараад ирлээ. “За илтгэл ямар болов доо?” гэтэл Шинэхүү “Байн байн алга ташаад л байсан, сайн болоод л тэр биз” гэлээ. Би хариуд нь “Чи буруу ойлгожээ. Цаадуул чинь бүр залхаж гүйцээд чамайг түргэн болиулах л гэж байн байн алга ташаад байсан юм шүү дээ” гэж хэлчихээд зугтлаа. Шинэхүү миний араас хөөж “Аа муу Дондог, чиний нөгөө хорон ам одоо хүртэл хэвээрээ юу?” гээд хавтсаараа шидэв. Үнэндээ түүний илтгэл маш сонин учраас л эрдэмтэд талархан хүлээн авч байсан нь тэр л дээ.

          Манай Шинэхүү сонин ааш араншинтай, тун ч адармаатай нэгэн байсан. Жирийн хүнтэй жигтэй сайхан харьцдаг атлаа дарга нарыг нэг нүдээр үзэхгүй. Тэр нь яахав, Ринчен багшийнх нь нөлөө байх. Шинэхүү эрдмийн цол хамгаалаад Ганданд байсан эсгий гэртээ ангийн нөхдөө урилаа. Манай ангийнхан хашааных нь үүдэнд дугаарлаад зогсчихсон, Шинэхүү нэг нэгээр нь барьж авч үнсээд л байх юм. Хамгийн ард зогссон миний ээлж боллоо. Тэгсэн чинь намайг харчихаад “Би дарга хүнд дургүй” гээд эргэдэг байгаа. Миний дургүй хүрч эргээд алхчихлаа. Тэгтэл араас гүйн ирж “Тоглосон юм, уучлаарай” гээд хацар дээр үнсэж байна. Тэгээд л миний гомдол арилах нь тэр. Тэгэхэд би “Залуу үе” сэтгүүлийн нарийн бичгийн дарга гэсэн алба хашиж байсан юм. Юу нь дарга байх билээ. Сэтгүүлээ ганцаараа гаргадаг, хэвлэлийн хар ажлын л хүн байхгүй юу. За тэр ч яахав. Шинэхүү маань ярьж байна аа, эрдмийн зэрэг горилох зохиол дээрээ ажиллаад дөчин тав хоног гутлаа тайлсангүй гэж. Шөнө хэдхэн хором гуталтайгаа хэвтээд дөнгөж л нүдний хор гаргах төдий амарч байж.

          Түүнээс хойш удалгүй бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн дуулдлаа. Нэгдүгээр эмнэлэг рүү яаран гүйж очвол Шинэхүүгийн маань бие ихэд дор орж, ярьж чадахаа больсон байв. Намайг хараад танив бололтой. Нүднээс нь нулимс урсаад л. Эцсийн үгээ тэр минь нулимсаараа л хэлж байх шиг. Цэлмэг сайхан оюутан насныхаа дурсамжийн алтан хаалгыг сэтгэлдээ нээгээд хэн хэн маань догдлов бололтой. Түүний дуулдаг “Хулст нуур”-ын цээл аялгуу газраас тэнгэр лүү хадаад явчих ч шиг. Маргааш нь тэр хорвоог орхисон байлаа.

          Шинжлэх ухааны чин үнэнч боол Маандайн Шинэхүү гэгч их эрдэмтэн үндэсний соёл, эрдэм судлалын үйлст өөрийгөө бүрэн зориулсан жинхэнэ эх оронч нэгэн байлаа. Даан ч тэр маань эрх чөлөөний хаалгыг ард иргэдийн өмнө цэлийтэл нээж өгсөн ардчиллын гэгээн өдрүүдийг үзсэнгүй. Хэрвээ эдүгээ сэрүүн тунгалаг байсан сан бол

          Манай нутгийн Элбэгээ!

          Маандайн Шинэхүү хамт шүү!

гээд л хөлөө олохгүй гүйх байсан байх. Өнөөдөр амьд сан бол шинжлэх ухааны салбарт ардчиллын бамбар болон гэрэлтэж оюуны харанхуйг гийгүүлэгч эрдэмтдийн тэргүүн эгнээнд алхлах байсан биз ээ. Шинэхүү гэж!

Ангийн анд Жамбын Дашдондог

2010.10.16

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:50 | Шүүмж, тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Би анх 6-р ангид байхдаа "Уран жиргээ" наадамд 1-р байр эзлээд бөөн хөөр баяр болж билээ. Сайн зохиолчийн бичсэн сайхан шүлгийг өөрийнхөөрөө амьдруулан уншиж байх тэр үеэс л утга зохиолд дуртай болсон. Олон олон хүүхдүүдийн оюун бодлыг хөглөж явдаг таниар их бахархаж явдаг шүү
Бичсэн: Л.Алтанхишиг (зочин) цаг: 13:31, 2016-01-05 | Холбоос | |


Ухаарсаар ухаарсаар л байна
Таны дурсамж гайхалтай байлаа. Би өөрийгөө овоо л ном уншсан гэж бодсон чинь үгүй юм байна. Өнөөдрөөс эхлэн дахин уншиж эхлэнээ. Би юу ч мэддэггүй юм байна. Үүнийг минь мэдрүүлсэнд баярлалаа.
Бичсэн: Орхоны Хэрлэн (зочин) цаг: 10:50, 2013-05-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax