2010-08-31
Төрөөгүй хүүгийн хэлээгүй үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Ээжийнхээ гэдсэн гэрт

Эрх дураараа сууна, би

Аавынхаа илэх гарыг

Андахгүй сайн мэднэ, би

Гаднаас аав нэг удаа

Гараараа илж үзээд

“Хүүгийн толгой дээрээ

Хөл нь дороо байна!” гэв

Маргааш нь илж үзээд

Маш ихээр сандраад:

“Хүүе, толгой нь дороо

Хөл нь дээрээ байна!” гэв

Энэ үгийг сонсоод

Ээж та инээсэн

Хөхрөхөд нь би цочоод

Хөлөө чанга тийрсэн

Гарсан ч орсон ч та

Ганцаараа биш шүү!

Хаа ч би тантай

Хамт яваа шүү!

Хөнгөн тэргэнд ч би

Тантай хамт давхина

Хөх тэнгэрт ч би

Тантай хамт ниснэ

Хөгжмийн танхимд ч би

Тантай хамт баясна

Хөвчин дэлхийд би

Тантай хамт явна

Балчир намайг төрөөгүй гэж

Басахын хэрэг байна уу даа

Гэдсэн гэрт суугаа ч

Гэрэлт орчлонг мэднэ шүү!

Гадаа юу болж байгааг

Гайгүй сайн мэднэ шүү!

Яриаг чинь сонсож чадна

Ямар ч үнэрийг ялгаж чадна

Амтыг мэдэрч чадна

Аливааг харж чадна

Намайг юу тосож байгаа бол?

Нарт орчлон яаж угтах бол?

Өвчин эмгэг тосож байгаа бол

Өөрийнхөө гэрээс гарахгүй шүү!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:22 | Орчуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax