2010-08-14
Хотын үлгэр

 

1

Уучлаарай! Ном аймшгаар эхлэхийн чинээ хэн саналаа. Улаанбаатарыг нэвсийсэн хар сүүдэр нөмрөн ирэв. Энд тэндгүй л орилолдоон, чарлалдаан. Юу болох нь энэ вэ, та минь! Арай нөгөө цөмийн дайн гэгчийнх нь мөөгөн хар үүл биш байгаа даа? эсвэл эх дэлхийтэй минь мөргөлдөхөөр харь гариг цохлоод ирэв үү?

2

Аль нь ч биш байна. За яамай. Сүйрлийн дайн майн нь л биш бол. Үлгэрийн хангарьд хотын дээгүүр эргэлдэнэ. Хаанаас гарч ирснийг бүү мэд. Аймаар ч юм шиг. Бахархмаар ч юм шиг. Тэгтэл аварга жигүүрээ хэд хүчтэй дэвээд тунарсан багир хар утааг хөөж эхлэв. Утаанаас салсандаа хүүхэд үүхэдгүй л бөөн баяр!

3

Баярлах нь арай эртэджээ. Хүчирхэг даль жигүүрийн дэвэлтээс утаа хэдий дайжсан ч оронд нь тэнгэр тулам улаан шороо хуйлран босч ирэх нь тэр. Яа, яа! Нөгөө их говийн угалзан шуурга гээч нь тийм байдаг биз. Номин ногоон хөрсийг нь хотынхон бид гутлынхаа улаар гурил болтол тээрэмдээд хаячихсан юм чинь яалтай ч билээ дээ.

4

Хангарьд Богд хан уулын оройд далавчаа хумин бууж хот руу харав. Шороон хөшигний цаана мэдэгдэх ч юм алга. Хангарьд “Би чинь хүмүүст туслах гээд юу хийж орхив оо?” хэмээн гайхширна. Түүний буруу гэж юу байх билээ. Амьсгалах уушгиа бид л өөрсдөө устгаа биз дээ? Хайран ч ногоон зүлэг, хайран ч ногоон мод! Хангарьд дэмий л толгой сэгсэрч сууна.

5

Тэгсэн чинь цэцгэн хээтэй навчин дээл өмссөн дөрвөн уулын эзэн савдаг арван хоёр салаа эвэртэй бугаа унасаар дүүлэн дүүлэн ирлээ. Тэд яах ийхийн зуургүй аварга шанагаар Туулын уснаас хутгаж хэд цацаад боссон шороог дарж орхив. Тэгснээ цулгай хөрсөнд ногоон ургамлын үр цацан, тордож ургуулахыг хүмүүст уриалаад уул уулаа зорьж одлоо.

6

Хатан Туул тасалдав. Дүү голууд нь аль хэдийн амьсгал хураажээ. Өнчин Туул өрөвдөлтэй. Эхнийх нь модыг хайр найргүй хядаад л, эргийнх нь элсийг зай завсаргүй ухаад л, хөвөөн дээр нь сууц бариад л, мөнгөн загасыг нь хордуулж устгаад л... Лусын эзэн хилэгнэж, хураа буулган Туулаа амилуулаад, алтнаас үнэтэй усаа хамгаалах хатуу зарлигаа хүмүүст буулгав.

7

Орон сууцны хороололд нэг охин уйлж үзэгдэнэ. Уйлснаас бүү асуу галцдэг дээ. Тэгээд ч тодорхой байна шүү дээ. Тоглоомын талбайд нь байшин барьчихаж. Нягтралыг сайжруулах шинэ онолоор зэвсэглэсэн хэмжээгүй эрхт бүлэг хүмүүс олширч,  ногоон цэцэрлэг, тоглоомын талбайд халдан түргэмгийлэх болов. Арай л тэд машин зам дээр байшин барьсангүй.

8

Гэр хороолол руу нэг өнгийе. Мэндээгийн аав, ээж хөдөөнөөс шилжиж ирээд удаагүй. Газар олдохгүй тул аргагүйдэн бараг л хогон дунд буучихжээ. Зурагтаа асаалаа. Бас л хурал. Хотоо утаанаас салгана л гэнэ. Хөрөнгө мөнгө гаргана л гэнэ. Тэгээд тэгээд дээрдсэн юмгүй. Харин Мэндээ тэндээс их хотын зовлонг ойлгож авчээ.

9

Мэндээ хүү хөршийнхөө хүүхдүүдтэй дорхноо танилцаж хамт тоглох болов. Нэг өдөр тэд цоо шинэ хот байгуулахаар шийдэв. Даамал нь гэвэл Мэндээ. Түүний заавраар бусад нь бүтээн босгоно. Ямар гоё хот вэ? Өргөн цэлгэр гудамжтай, өтгөн ногоон цэцэрлэгтэй, нуур цөөрөм гол ус энд тэндгүй. Байшин барилга нь тааруу, гэр хороолол нь зайдуу.

10

Хүүхдүүдийн байгуулж буй хот хангарьдын хурц хараанд өртөв. Хангарьд даруй нисэн ирж сайтар ажиглан сууснаа “Хүүхдүүд ийм хотыг хүсч байгаа юм байна” гэж өөртөө хэллээ. Тэгснээ “За хүүхдүүд ээ, миний нуруун дээр суу!” гэв. “Хаачих юм бэ?” гэвэл “Аа, та нарт мөрөөдлийн чинь хотыг үзүүлье!” гэв. Хүүхдүүд баярлалдан “Утаат хотоос салъя, яршиг!” гэлцэж хангарьдын нуруунд авиран гарсаар.

11

Утаа хогноос салахын түүс болсон хүүхдүүд гүйлдэн ирж хангарьдын нуруунд мацан гарсаар байлаа. Гэр, байшин хорооллын хичнээн ч хүүхэд багтав даа, түүний ханагар нуруунд! “Болсон уу?”, “Болсон!” Хангарьд алгуурхан хөөрлөө. Нисээд л байлаа, нисээд л байлаа. Дээр ч цэнхэр, доор ч цэнхэр. Аль нь ч тэнгэр, аль нь ч далайг бүү мэд.

12

Нэг харахнаа хачин гоё хотод бууж байлаа. Хүүхдүүдийн хүсч мөрөөдсөн хот үнэхээр мөн бололтой. Гудамж бүхэнд нь цэцэг жимс алаглаад мод бүхэнд нь дууч шувууд жиргэлдээд юутай сайхан. Хот дундах цэцэрлэгт хүрээлэн гэхээсээ цэцэрлэгт хүрээлэн дундах  хот гэвэл илүү зохистой. Зүйл зүйлийн амьтад хүнээс айлгүй чөлөөтэй алхална.

13

Аль орны ямар хотыг бүү мэд. Нарны хот л гэлцэнэ. Яагаад тэгэж нэрлэсэн бэ гэвэл тэр хот нарны хишгийг хүртдэг юм байна. Тийм учраас хотын сүлд нь нар ажээ. Нар тэнд хотын бүх иргэдэд үнэгүй үйлчилнэ. Онгоцыг нисгэж, машиныг нь хөдөлгөж, хоолыг нь буцалгаж өгнө. Нарны хотод хүүхдүүдийн гайхлыг төрүүлэх юм барагдашгүй их байлаа.

14

Тэр юу вэ? Хөөх, нисдэг морь! Үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисч явснаа гудамжинд тэпхийн буугаад тачигнуулж гарав. Хүүхдүүд өмнөөс нь гүйлдлээ. “Морийг нь үргэчихэв ээ” гэж Мэндээг хэлтэл “Зүгээр. Би энэ морийг зуун хорь насалтлаа уналаа. Үргэж бусгаж хаясан удаагүй” гэж нисдэг морьтон хариулав. “Үгүй мөн сонин оо. Манай хотын тавин настан шиг” гэж Мэндээ хэллээ.

15

Нисдэг морьтноос Мэндээ “Урт наслахын нууц нь юу вэ?” гэж асуутал “Байгалиа хичнээн хайрлана, нас төчнөөн уртасна” гэхээс өөр юм хэлсэнгүй. Нисдэг мориных нь тухай сонирхоход нарнаас цэнэг авдаг гэнэ. Хүүхдүүд тал талаас нь “Өвөө, яаж ийм гоё хоттой болох вэ?” гэлцэхэд нисдэг морьтон “Энэ амархан. Хүмүүс дүрэм журмаа тогтоож аваад дор дороо хийх зүйлээ хийгээд л гүйцээ!” гэж хэлчихээд давхин одов.

16

Хангарьд “Хот таалагдаж байвал эндээ үлдэж болно шүү” гэхэд хүүхдүүд ам амандаа “Утаатай ч гэсэн Улаанбаатартаа очмоор байна”, “Амьдрал зутруухан ч аав ээжээ санаж байна” гэлцлээ. Хангарьд хүүхдүүдийг суулган ниссээр нэг л мэдэхэд Улаанбаатарт авчрав. Ирүүтээ тэд хотоо сайхан болгоход юу хийж чадахаа ярилцаад юуны өмнө хогтой дайн зарлахаар шийдлээ.

17

Хогийг түүгээд хоёр ялгадгийг хүүхдүүд мэдэж авчээ. Цаас, мод, хүнсний хаягдал байгальд аяндаа устана. Харин хэзээ ч устдаггүй хуванцар шил, төмрийн хаягдлыг яах вэ? Хүүхдүүд хариулт авахаар хотын даргад хандвал санаачлагыг нь сайшаан дэмжиж байгальд уусч алга болдоггүй хогийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаа тэдэнд амлажээ.

18

Хотын дарга бас гудамж бүхэнд хоёр өнгийн сав тавих шийдвэр гаргажээ. Ногоон саванд нь устаж алга болдог хогийг, улаанд нь хэзээ ч устдаггүйг нь хийнэ. Түүнээс хойш хүүхдүүдийн дунд “Хотынхоо төлөө би юу хийж чадах вэ?” хөдөлгөөн өрнөв. Зарим нь хээрийн цэцгийн үр түүж хотдоо тарих гэнэ. Зарим нь эвдэрч сүйтгэгчдээс хотоо хамгаалах бүлэг байгуулах гэнэ. Харин чи юу хийж чадах вэ?

19

Үр хүүхдийнхээ санаачлагыг эцэг эх нь дэмжлээ. Хөрш айлуудтайгаа нэгдэн орчин тойрноо цэцэрлэгжүүлж эхэллээ. Хотын удирдлагуудтайгаа хамтран хотод данстай хэн байна, тэр бүхний ягштал мөрдөх дүрэм журмыг гаргалаа. Хүүхдийн номын сан, тоглоомын талбай олноор бий боллоо. Одоо ямар байшинг хаана барих нь эрх дархтаны биш иргэдийн саналаар шийдэгдэх боллоо.

20

Мэндээгийнх өөр болж. Гэрийг нь дулаацуулах, цай хоолыг нь хийх албанд цахилгаан эрчим хүч зүтгэх болжээ. Нар, салхи ч бас харамгүй тусална. Мэндээ найзуудтайгаа цэцэрлэгт тоглоно. Ганц тэднийх ч биш хот даяараа тийм болжээ. Айл бүхэн утаан мангасаас салжээ. Хот яагаад сайхан болов? Ердөө л хүүхэд хөгшидгүй дор бүрнээ хичээснийх. Урьд нь дээрээс хэн нэгний үгийг хүлээдэг байж. Одоо тийм биш хөгжлийн түлхүүр нь нийслэл хотод данстай хүн бүхний гарт байсан юмсанжээ.

21

Улаанбаатар маань Ногоонбаатар болох янзтай. Хүн амьдрах орчин одоо л нэг бүрдэж эхэллээ. Лус савдаг баясч нар хураа тэгш сайхан хайрлах боллоо. Хангарьдын санаа сая л нэг амарч хаашаа ч юм нисч одсон бөлгөө. Нийслэлийн сүлдэнд шингээд орчихов уу, яав? Хотын үлгэр цааш хязгааргүй үргэлжилнэ. Хэцүү цаг тулгарвал дахин гарч ирэх ч юм билүү, хэн мэдлээ!

 

P.S: Багш, эцэг эхчүүдэд

Хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн “Хотын үлгэр” хэмээх энэхүү номыг бага сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдад зориулан бүтээв. Хүүхдүүд та нар энэ номыг сургуулийн хамт олон, эцэг эхийнхээ хамт уншаад харилцан ярилцаж тунгаан бодоорой. Хот төлөвлөлт нь нийгмийг зохистойгоор цогцлоон бүрдүүлэх асуудал юм. Хүүхдийн өөрсдийнх нь идэвх санаачлага, эцэг эхчүүдийнх нь болон засаг захиргааны байгууллагын гэсэн гурван хүчин чармайлтын үр дүнд хот сайхан болно гэдгийг энэ номоор бид багачуудад ойлгуулахыг хичээлээ. Монголын ирээдүй үеийнхэн иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан нийслэл төдийгүй Монгол улсынхаа хот төлөвлөлтөд хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл төгс байна.

JICA судалгааны багийн хамт олон

2009 оны 2 дугаар сарын өвлийн Улаанбаатар

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 19:51 | Миний үлгэрүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax