2011-03-30
Цүлтэм дарга ба түүний үе залгамжилсан авьяастнууд

 

Урчуудын хорооны зуслан гэж гурван эгнээгээр шил даран жагссан цэргүүд шиг энгийн хэдэн байшин байдагсан. Жагсаалын дарга нь гэмээр хүрэн дүнзэн байшин дээхэн талд нь байх. Тэнд Урчуудын Эвлэлийн Хорооны дарга Н.Цүлтэм гуайнх суудаг байв. Тэднийхээр хүн хар орж гараад байдаггүй. Цүлтэм дарга өглөө машиндаа суух нь нэг үзэгддэг, орой машинаас буух нь нэг харагддаг. Хэн нэгэнтэй нийлж наргиж даргиад байдаггүй. Жаахан зожигдуу талдаа хүн үү гэмээр. Хааяа тааралдахад том алаг нүдээ эргэлдүүлэн харах нь сүрдмээр. Балчир хүүхэд тэднийх рүү мөлхөж үзэгдвэл эцэг эх нь “Ий, цаана чинь дарга!” гээд татаж авна. “Та яаж байгаа юм бэ, дарга хүн чинь хадны мангаа юм уу?” гэвэл тэд “Өө, манай энэ хэцүү, айлд орвол сүйдэлж орхино” гэлцэнэ.

Нэгэн удаа зохиолчдын их хурал дээр яруу найрагч Р.Чойном гуай бид хоёр хамт сууж таарлаа. Их хурлын дэвтэр дээрээ бид хүмүүсийн хэлсэн үгнээс тэмдэглэж суухад мань эр зураг зураад л байх юм. Зургуудаа надад үзүүллээ. Юу вэ, энэ чинь! Хурлын тэргүүлэгчдийн ширээнд суусан дарга нарыг бүгдийг нь амьтан болгоод зурчихаж. “Яаж болдог юм бэ? Манай аавын даргыг эвэртэй зураад байхдаа яадаг юм бэ?” гэвэл Р.Чойном гуай “Ингэж л харагдаад байх юм” гэхээс өөр үг хэлсэнгүй. “Наад зургийг тань Цүлтэм гуай үзвэл яах бол?” гэвэл мань зохиолч “Яах ч үгүй. Урлаг ойлгодог нь инээж, ойлгодоггүй нь уурлаж угтдаг юм” гэв. Тэгээд Цүлтэм гуайн тухай ярьж байна. Хэрэв энэ хүн Монголын дүрслэх урлагийн хаан сэнтийд суугаагүй бол мөн ч олон зураач үзэл суртлын цаазын тавцанд гарах байсан юм. Гагцхүү Цүлтэм гуай л эрэлхэг бух шиг сүргээ аюулаас хамгаалж яваа дарга шүү дээ! гэж ярьлаа.

Үнэхээр ч тийм байх. Нэг намын үзэл суртлын мунанд хамгийн их түншүүлсэн бүтээлчид бол зураачид. Гэтэл Цүлтэм дарга өөрөө урлагийн өндөр мэдлэгтэй хүн болохоороо хамгаалаад л гардаг байсан бололтой. Дүрслэх урлагийн талаар түүнийг давж ярих хүн Монголд байхгүй байсан болохоор ямар ч эрх мэдэлтэн амаа хамхихаас өөр аргагүйд хүрдэг байсан биз. Цүлтэм гуай бол Монголын дүрслэх урлагийн судлалыг дэлхийн түвшинд гаргаж тавьсан нэрт эрдэмтэн хүн. Өнө эртний хадны сүг зургаас эхлээд орчин үеийн олон чиглэлийн бүтээл хүртэл өргөн цар хүрээнд авч үзсэн судлаач. Монголын дүрслэх урлагийн түүхийг бүрэн бүтнээр нь судалж, өнгөт зурагтай гоё гоё цуврал ном гаргасан хүн урьд нь байсангүй. Дүрслэх урлагийн бүхэл бүтэн музейг уншигчдад бэлэглэснээс ялгаагүй.

Нэгэн хүн хийж барамгүй тэр их ажлын хажуугаар уран бүтээлээ яаж хийдэг юм бол? Цүлтэм гуай өөрөө Монголын зураачдын манлайд зогсохуйц том уран бүтээлч. “Талын айл” гэдэг алдарт зургийг нь мэдэхгүй хүн байхгүй. Ертөнцийн хязгааргүй уудамд байгаа тэр айл ямар жаргалтай вэ? Бусдаас хамааралгүй, идэж уух,өмсөх зүүхээ өөрсдөө хийн, юунд ч захирагддаггүй талын салхи мэт эрх чөлөөтэй аж төрж буй малчдын дүр төрх сэтгэлд бууна. Гагцхүү байгаль ээжтэйгээ зохицон амьдарч буй нүүдэлчдийн гүн ухааныг “Талын айл”-аас харж болно. Цүлтэм гуай шинэ бүтээлээрээ үзэсгэлэн болгонд оролцдог байлаа. Нэг бүтээл нь одоо хүртэл санаанаас гардаггүй. “Үүлсийн чуулган” (нэрийг нь андуурсан байж магадгүй) гэдэг зургийг нь хармагц “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн эцэг дээдсийн шүтээн үг өөрийн эрхгүй сэтгэл эзэмдэх нь тэр. Газрын амьдрал мөнх тэнгэрээс хамааралтай. Хан хурмастын эзэд болсон үүлс газрыг ивээн тэтгэх үү, яах вэ? хэмээн хэлэлцэж буй бололтой. Угалзан үүлс тал талаас хуран цугларсаар тэнгэртээ багтахаа байгаад хөрст газар руу буух шийдэлд нийтээрээ хүрэв үү яав, бужигналдаж гарлаа. Тэр нь газрын хувьд баярт мэдээ. Үүлсийг угалзаар урласан нь монголчуудын тэнгэртээ хандах өлзий билгийн ерөөл гэлтэй. Орчлонгийн зүй тогтлын дууллыг тийнхүү уран бийрийн хэлээр зохиосон нь тэр болой. Дунд сургуульд байхдаа би “Родная речь” номын хавтсан дээр Левитаны байгалийн зураг байхыг хараад бидний сурах бичиг дээр яагаад “Талын айл” зураг байж болдоггүй юм бол доо гэж боддогсон.

Цүлтэм гуай нэг орой ажлаасаа ирээд шууд л бийр будгаа гаргаад тэлүүрдсэн цагаан давуун дээр зураг зурж эхэллээ. Юу зурж байгааг нь харахсан гэсэн бодол хатгаад болдоггүй. Дэмий л ой руу явсан хүн болж довцог өөд мацаад амрах янзтай дэргэд нь очиж суув. Хотоос зуслан руу хөврөх цуваа, хөдөөнөөс хот руу мушгиралдах Туул гол түүний зургаас амилж байлаа. Оройн наранд үлгэрийн юм шиг харагдсан тэр л агшинг өнгө алдалгүй буулган авахаар яаравчилж байлаа. Дэргэдээ хүн ирж суусныг ч анзаарах шинжгүй. “Цаас эрээчиж суудаг улс бид бичиж байгаа юм руу минь хүн шагайгаад байхаар үг гардаггүй юм. Зураг руу тань хараад байхаар танд ч бас тийм байна уу?” гэвэл Цүлтэм гуай над руу нэг том харснаа “Дуртай л байхгүй байх” гээд нэг зураас татав. Би яаран босож цааш одлоо. Тэр зураг хаа нэгтээ байдаг биз. Бичлэг их сайтай бүтээл байсан. Аугаа их уран бүтээлчид хувь хүний хувьд ямар бол? гэж хүмүүс ямагт л сонирхож байдаг. Би ч бас Цүлтэм гуайн далд чанарыг нээхсэн гэж хэрдээ л боддог байв.

Жаран зургаан оны наадам нээгдэх өдөр Туулын гол үерлээд гүүрийг нь сэт татаж дүүрэн хүнтэй автобус живүүлсэн аймшигт явдал болов. Наадамд явагсад зусланд үлдэгсэд ямар ч хэл амгүй таслагдлаа. Одоогийнх шиг ямар гар утас мутас гэж байсан биш. Тэгтэл Цүлтэм дарга ажлын хувцас өмсчихсөн “Гүүр засч байгаа хүмүүст туслацгаая!” гэж уриалаад хөгшин залуу нийлсэн бидний хэдэн хүнийг дагуулж одлоо. Тэгэхэд надад “Баатрууд аа, явцгаая!” гэх Цогт тайжийн дүр бууж байлаа. Нэг харахнаа Л.Ванган гуай Кино үйлдвэрийн хэдэн хүн дагуулчихсан ирж явна. Хэн ч биднийг албадаагүй. Сэтгэлээрээ л цугларсан. Монголын урлагийн хоёр аваргатай чулуу зөөн шогшиж явсан минь ховор сонин тохиолдол шүү. Цүлтэм гуай зожиг биш нийтэч, хэнийг ч их бага гэлгүй дотно ханддаг хүн байв. Урчуудын эвлэлийн хорооны дарга гэдэг ажил бол улс төр, үзэл суртлыг гол болгосон албан тушаал. Харин Цүлтэм гуай хүн чанарыг улс төрөөс хавьгүй дээгүүр тавьдаг нэгэн байжээ. Түүнийг би биеэрээ мэдэрсэн юм.

Олон жилийн дараа би “Залуучуудын үнэн” сонинд нийтлэгдсэн “Гавьяа” найрууллаас болж Зөвлөлтийн эсрэг үзэлтэн хэмээн цоллуулж ажилчин ангийн эгнээнд шилждэг юм байна. Тэгсэн чинь Цүлтэм дарга, Жамбаа гуайн хүүг дууд! гэжээ. Аав тэнд ажиллаж байсан юм. Юу болсон юм бол гэж бодлоо. Арай аав тэнд сахилгагүйтэж хүүг нь дуудаагүй байлтай. Ямар ангийн хурал биш дээ. Тийнхүү гайхсаар очвол Гончиг гуай өрөөндөө оруулаад “Цүлтэм дарга чамайг хүлээж байгаад Төв хороонд дуудагдаад явчихлаа. Чамайг “Дүрслэх урлаг” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллуулна гээд байгаа юм. Тэгээд саналыг нь асуучихаарай гэсэн” гэв. Хариуд нь би хэллээ. “Цүлтэм дарга намайг таньдаггүй байх л гэж боддог юм. Мэдээж, ийм сайхан сэтгэл тавин найдаж байхад би ажиллалгүй яахав. Харин улс төрийн шийтгэлтэй намайг дээд газар яаж зөвшөөрөх вэ?” гэвэл Гончиг гуай “Тэрийг яаж мэдэх вэ? Ярьчихсан юм байгаа биз” гэлээ. Хэргэм зэрэгтэй бүхэн надаас дайжин зугтаж байхад Цүлтэм дарга л айсангүй, нөгөө л зураачдаа хамгаалдаг янзаараа надад хандаж билээ. Аугаа их хүн ямар ч цагт аугаа ихээрээ л байдаг юм байна. Цүлтэм даргын аавд тавьж буй анхаарал халамж манай гэр бүлд ямагт ямагт мэдрэгдсээр байсан.

Монголын уран бийртний вант улсын хаан сэнтийд заларч байсан тэр их хүний угсаа залгамжилсан хун тайж нар өнөөдөр ч эцгийнхээ соён гэгээрүүлэх их үйлсийг үргэлжлүүлсээр явна. Эцгийнхээ үүсгэж өгсөн уран зургийн үзэсгэлэнгийн байрыг хөвгүүд нь улам өргөтгөөд олон зуун авьяастны бүтээлийг дэлгэн тавьж, ард түмэнд үнэ төлбөргүй үзүүлдэг нь яахын аргагүй соён гийгүүлэх их үйлс мөн. “Нүд баясан сэтгэл бадрана” гэсэн үгсийн хажууд зурсан алган дээрх нүдийг тэр үеийнхэн “Цүлтэмийн нүд” гэдэг байлаа. Тэрхүү билэгт нүд, урлаг юунд ч боодолгүй эрх чөлөөтэй хөгжих сайн цагийг үнэхээр харж чаджээ. Дүрслэх урлагийн хан хөвгүүдийнх нь бүтээл орчин үеийн уран зургийн өнгө төрхийг тодорхойлж байна.

Энхжин, Мөнхжин хоёрын шинэ бүтээл ёстой л нүдний баясгалан болдог. Сэтгэлийн хөдлөлийг дүрсэлж, өнгийг ч чадварлагаар удирдан жолоодож буй нь гайхмаар. Рокуэл Кент л гэсэн үг. Энхжингийн зурсан эртний хатагтай нар, найман зууны цаанаас бүрэлзэн хүрч ирж буй мэт нэг л сонин мэдрэмж төрүүлдэг. Япондоо толгой цохидог “Фукуинкан” хэвлэлийн компани Мөнхжингийн ан авын тухай номыг хэвлээд, хүүхдийн номын шилдэг зургийн жишээнд оруулан ярьж байсан. Энхжин, Мөнхжин хоёрыг миний аав их өхөөрдөж хайрладаг байв. Тэгсэн ч ихэр хоёрыг ялгахгүй хэн нэгтэй нь таарахаараа “Энхжин Мөнхжин сайн уу?” гэдэг байсан. Багадаа тэд худгаас ус зөөж гүйсэн их дэгтэй хүүхдүүд байсан. Зарим дарга нарын дээрэнгүй эрх хүүхдүүдээс тэс ондоо.

Хоёр ихэрийн ээж Ичинхорлоо багш миний ээжтэй их ойр дотно байсан. Ичинхорлоо гуай нэг удаа ээжид ингэж ярьсан байгаа юм. Хүүхэд л юм хойно ихэр хоёр хүү нь дэггүйтсэн юм байгаа биз. Цүлтэм гуайг орой ажлаас ирэхээр нь энэ хоёр хүү чинь болохгүй байна гээд хов хүргээтэхэж. Цүлтэм гуайг “Яана гэнэ ээ, та хоёр” гээд босоод ирэхээр нь Ичинхорлоо гуай “Үгүй үгүй, миний хоёр хүү яагаа ч үгүй” гээд хүүхдийнхээ урдуур ороод уйлж зогссон гэдэг. Тэгээд ээжид “Бид хоёрын хүүхэд хүмүүжүүлэх арга энэ дээ!” гээд инээж байсан гэдэг. Урнаа гэдэг охин нь Сүнжидмаа гэдэг дүүтэй минь хаана л бол хаана тоглож суух. Одоо Уранчимэг Монголдоо төдийгүй олон улсын түвшинд үнэлэгддэг нэртэй урлаг судлаач болжээ. Бичсэн өгүүллийнх нь цаанаас шинэчлэлийн салхи сэвэлзээд ирдэг юм. Түүний эгч Мандаа Дүрслэх урлагийн дээд сургуулийн Монгол зургийн тэнхимийн эрхлэгч, авьяаслаг зураач болжээ. Эртний сүг зургийн донжоор урласан Нармандахын бүтээлүүд зураасан зургийн сэтгэлгээнд шинэчлэл хийсэн мэт санагддаг.

Тэд аавыг минь өнөө хүртэл мартдаггүй. Яахав дээ, муу аав минь Урчуудын хороонд аж ахуйн ажлыг нь нугалахын зэрэгцээ дулааны улиралд сурын талбай руу зүтгэлдэг байсан байх. Жил бүрийн 6 сарын 1-нд аавын нэрэмжит хүүхдийн харвааг хийсээр арваад жилийн нүүрийг үзэж байна. Энэ харвааны ивээн тэтгэгчээр Урчуудын хороо анхнаас нь оролцож нэгэн ажилтныхаа дурсгалыг хүндэтгэдэг. Цүлтэм дарга сэрүүн тунгалаг байсан бол ингэх л байсан. Тэдний овгийн үе залгамжилсан их ухаан, билэг авьяас, сайхан сэтгэл өнөө хэр үргэлжилсэн хэвээр.

 

ЖАМБЫН ДАШДОНДОГ

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:02 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax