2011-02-12
Андерсен монгол хүн юм уу?

 

Тайзан дээр Андерсен гарч ирлээ. Бортгон малгай, эрвээхэй зангиа, яльгүй бөхөс бөхөсхийсэн алхаа нь хүртэл үнэхээр тийм хүн байсан болов уу гэмээр. Хүүхдүүд алга нижигнүүлээд л. Хайртай зохиолчоо ирлээ гээд бүр итгэчихэж. Яг л өвлийн өвгөнд ханддаг шигээ. Итгэхээ л больчихвол хүүхэд нас нь дуусч, томчуудын эгнээ рүү хөл тавих юм чинь. Тэгээд Өө, энэ чинь дуурийн дуучин, ардын жүжигчин Жамъянжав шив дээ гэх биз. Гэсэн ч би тэр дүрийг олох гэж үйлээ үзсэн. Андерсений зургийг барьчихаад л төстэй хүн хайгаад байлаа. Олддоггүй шүү. Аргаа бараад урам муутайхан харьж явтал өмнөөс нэг өндөр хүн айсуй. Би шууд л Андерсен! гэж дуу алдлаа. Мань эр ч цочин зогтусав. Тэгэж анх “монгол Андерсен”-ийг олж билээ. Тэгээд л жил бүрийн 4 сарын 2-нд хүүхдийн номын баяр хийх болж, түүнд Андерсен морилон ирж оролцдог уламжлал тогтов. Энэ удаа ч бас хүүхдүүдэд гайхамшигт үлгэрээсээ ярьж, Андерсений уншлагад шалгарсан номын хорхойтнуудад Номонд мэргэн алтан медаль гардуулж байлаа. Монголчууд өнө эртнээс арван эрдэмд тэгш сайн хүн болохыг үр ач нартаа сургамжилсаар ирсэн билээ. Дээдсийн тэр сургаал Номонд мэргэн гэдэг үгээр эхэлдэг тул бид билэг дэмбэрэлийг бодож номонд дуртай багачуулд өгдөг шагналаа тийнхүү нэрлэсэн билээ.

Номын баяр Андерсений үлгэрийн баатруудын дүрийн тоглолтоор үргэлжиллээ. Эрэлхэг тугалган цэрэг, нугасны муухай дэгдээхэй, нүцгэн хаан гээд л. Тэгтэл нэг жаахан охин гар өргөн өндөлзөж: Андерсен монгол хүн юм уу? гэж асуудаг юм байна. Хүмүүс нирхийтэл инээлдэх нь тэр. Инээх юу байх вэ? Сонин л асуулт. Андерсений үлгэр түүнд монгол хүн бичсэн юм шиг дотно санагдсан ч байж болох юм. Би ч бас багадаа Андерсенийг монгол хүн гэж боддог байлаа. Би тэгэхэд хүн бүү хэл шувуу ч цөөхөн үзэгддэг алс бөглүү суурины бага сургуульд суралцаж байв.  Нэг удаа Дашинчилэн гэдэг газар багш маань явж, Андерсен гэдэг хүний зохиосон үлгэрийн ном авчраад бидэнд уншиж өгч билээ. Жигтэйхэн сонин. Тэр дундаа Нугасны муухай дэгдээхэй юу? Яг л намайг дэгдээхэйн дүрээр биччихсэн юм шиг санагдлаа. Би түүн шиг юм л бол ад шоо үзэгдэн зодуулж, хүүхэд хүүхдийн гарын чилээг нь гаргаж явдаг дорой жаахан жаал байв. Барьж аваад хүзүү рүү цас чихэж орхих бол энүүхэнд. Цас ар нуруу дагаж хайлан хайлсаар, би орь дуу тавьж уйлан уйлсаар харьдагсан. За гайгүй ээ, хэзээ нэгэн цагт хүчирхэг жигүүрт хун болж байгаад хариугаа та нараас авах юм хуна гэхээс цаашгүй. Андерсен гэдэг тэр хүнийг би Дашинчилэнд суудаг юм байх гэж боддог байлаа. Бичсэн үлгэрээс нь үзэхэд их л сайхан сэтгэлтэй хүн бололтой. Хүүхдэд шоглуулах үед тэр л миний талд орж, нулимсыг минь арчин аргадах болов уу гэсэн бодол надад ямагт төрнө.

Нэг удаа би багшаас Дашинчилэн хаа байдгийг асуутал ургах нарны зүг зааж билээ. Өглөөний наран доогуур саравчлан харахад алс тэнгэрийн хаяанд шижир алтан дээвэртэй үлгэрийн шилтгээн нүднээ үзэгдэх шиг болдог сон. Нөгөө үлгэрч Андерсений суугаа Дашинчилэн гэдэг нь тэр байх. Тэгээд би захидал бичиж Дашинчилэнд суугаа Андерсенд гэж хаяглалаа. Дахин гоё гоё үлгэр бичиж өгөөч гэж. Хариу захидлыг хичнээн их хүлээсэн гэнэ? Яаж ч ирэх вэ дээ. Хожим мэдэхнээ тээр газрын мухарт олон мянган км-ийн цаана буй Копенгаген хэмээх хотод тэгэх тэгэхдээ бүүр зуугаад жилийн өмнө үлгэрээ бичиж байсан хүнээс захидал хүлээн сууж шүү дээ. Харин Дашинчилэн нь манай сумаас ердөө л жархан км-ийн зайтай жижиг суурин байсан юмсанж.  Хэрэв би Андерсентай нэгэн зуунд аж төрж байсансан бол Дани орныг хол гэлгүй яаж ийгээд түүнтэй очиж уулзах л байсан даа.

Охины асуултад Андерсен мэдээж Дани хүн гэж товчхон хариулахын оронд яльгүй хадуурчихлаа. Одоо номын баяр луугаа эргэн ороё. Нэг хүү Андерсенаас Та өөрийнхээ бүтээсэн аль дүрд нь илүү хайртай вэ? гэж асуулаа. Мань Жамъянжав шууд л Яагаав, Учиртай гурван толгой дуурийн худалдаачны дүр! гээд л тавьчихлаа. Хүмүүс бас л инээлдээд явчихав. Би хөтлөгчийн хувьд Иш, Андерсен гуай минь дээ, та чинь зохиосон үлгэрийнхээ бүх дүрд хайртай юм байгаа биз дээ? гэтэл мань эр Тийм ээ, тийм! Эцэг хүн төрүүлсэн бүх хүүхдэдээ хайртай байдаг шүү дээ гэж хэнэггүйхэн хэлээд тоглож буй дүрдээ эвтэйхэн гулсаж оров. Тэгээд л шүдэнз худалдагч охиноос лусын дагина хүртэл түгдрэлгүй ярьж гарлаа. Ер нь монголчууд Андерсенийг сайн мэднэ. Лав л миний олж цуглуулснаар 13 ном нь монгол хэлнээ орчуулагдан гарчээ. Анхных нь 1935 онд Монголын бичгийн их хүн, академич Б.Ринчений орчуулсан Андерсений үлгэрүүд ном бөлгөө. Дэлхийн зөн монгол олон улсын байгууллага Андерсений үлгэрүүдийг тус тусад нь хэвлүүлж, хоёр цомогт нэгтгээд эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэглэсэн байна. Түүнийг хэвлэлд бэлтгэх, зарим үлгэрийг нь орчуулах үүрэг өчүүхэн бичээч надад оногдож билээ. Андерсенаар амьсгалах нь миний хувьд өндөр дээд хувь заяа. Тэр бол гүн ухааны хөрснөөс шинэ үлгэрийн шидэт цэцэг ургуулах аргыг хүн төрлөхтөнд нээж өгсөн буянтан. Түүний үлгэрт хүүхдийн, том хүний гэсэн хилийн зааг байдаггүй. Тиймээс аль алиных нь сонирхлыг гойд татдаг. Тэрхүү өндөр уран чадвараас нь газар газрын хүүхдийн зохиолчид суралцдаг билээ.

Миний хувьд түүний урлах эрдмээс суралцахыг хичнээн хичээвч, өнөө хүртэл хүүхдийн утга зохиолын Нугасны муухай дэгдээхэй хэвээрээ л явна. БНХАУ-ын Өвөр Монголд миний уран бүтээлийн өдрүүд болоход, надад зориулсан сурталчилгааны номоо тэд Монголын бага Андерсен гэж нэрлэсэн байв. Хүүе, яадаг билээ, та минь! Би тэр аугаа их хүний чигчийнд ч хүрэхгүй өчүүхэн амьтан. Тийм үгийг манайхан ч хүлээн зөвшөөрөхгүй гэвэл Өвөр монголын зохиолчдын удирдлагууд Та санаа зовох хэрэггүй, энэ бол манай улсын хэрэг гэхээс өөр юм хэлсэнгүй. Миний цээжинд юун омгорхол төрөхтэй манатай, айж ичих зэрэгцэж, хэрэв би нугасны муухай дэгдээхэй байсансан бол далавчин дороо толгойгоо нуун далдлах байсан биз ээ.

Өнгөрсөн жил Францын нэрт эрдэмтэн, Ах дүү Гриммийн шагналт хүүхдийн утга зохиол судлаач, ноён Жан Перро миний уран бүтээлийн тухай Андерсений маягаар бичсэн монгол номууд гэсэн шүүмж бичсэн байлаа. Түүнийг уншаад хөөрхий муу нугасны дэгдээхэй миний үгийн жигүүр өдлөх тийшээ хандах нь уу даа гэсэн горьдлого төрсөн. Гэхдээ уран үгийн жигүүрээр гадаад их далайг туулан нисэх үлгэрийн хун болох яагаа ч үгүй байна. Бас жаахан уянгын халилт хийчихлээ. Номын баяр үргэлжилсээр байна. Та гадаадын олон орноор явсан уу? гэсэн асуултад Андерсен хариулж байна. Итали, Испани, Франц, Турк, Англи гээд л. Мөн их зохиолч Чарльз Диккенстэй Англид уулзсан тухайгаа ч ярьж байна. Хэрэв Чингис хааны өлгий нутагт ирсэн бол ямар олон сонин үлгэр бичих байсан бол? гэсэн бодол хөтлөгч надад төрлөө. Тэгвэл Монголын их говиос төрсөн билэгт шүлэгч Данзанравжаатай уулзах л байсан даа. Тэр шүлэгч долоон настайдаа нэгэн их аадар борооноор баян айлын үүдэнд хоргодон зогсохдоо,

Үүл нь гараад бороо орохын цагт

Үүд нь гэмээнэ хоймор юуны ялгаа

Үйл нь ирээд үхэл авахын цагт

Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа

гэж шууд шүлэглэн хэлсэн тухай нь сонсоод ямар их авьяастай ард түмэн бэ? гэж бишрэх байсан болов уу? Мөн миний төрсөн Бүрэнхангай буюу тэр үеийн Зүүн Со гүний хошуунд очиж, Эрдэнэбандид хувилгаан Агваан Ишсамбуу найрагчтай уулзаж, ард түмний дунд аман зохиол болтлоо түгэн тарсан түүний Өнчин янзаганы үг зохиолыг нь сонирхож, улмаар төрөлх дани хэл дээрээ орчуулан гаргах ч байсан байж мэднэ. Даанч тэр үед Ази Европ хоёр харь гариг мэт хол хөндий байжээ.

Их Андерсенд гүн хүндэтгэл үзүүлсэн номын баяр хүүхдийн цовоо цолгин найрал дуугаар өндөрлөв. Харьж явах замд нөгөө охины Андерсен  монгол хүн юм уу? гэсэн асуулт санаанаас гарахгүй байлаа. Монголчуудын хувьд хамгийн хайртай зохиолч нь Андерсен мөнөөс мөн. Англид ч байна уу, Японд ч байна уу, ер нь аль ч орны залуу уншигчид түүнийг өөрийн хайртай зохиолчоо л гэж үзнэ. Насан турш хайрлан хадгалсаар явсан ганц долларыг нь Андерсенд илгээсэн Америкийн тэр нэгэн охин ч түүнийг шүтэн биширч явсан нь мэдээж. Улс үндэстэн бүхэн Андерсенийг өөрийнхөө зохиолч гэж өмчилсөөр иржээ. Сүрэг цагаан хун нүүдэллэн ирэхэд бид манай нутгийн шувуу гэж баярлан угтдаг. Өвлөөс урьтан халуун орныг зорин одоход тэр нутгийнхан бас л манай шувуу гэж угтдаг байх. Түүн шиг Ханс Кристиан Андерсен бол газар газрын уран үгийн үзэсгэлэнт хунгийн цувааг түүчээлэн, оюун билгийн өндөрлөгт мөнхийн хүчирхэг жигүүрээ дэлгэн нисч яваа үлгэрийн их хаан шувуу бөлгөө.

Жамбын Дашдондог

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:55 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


үнэхээр сайхан болжээ
Бичсэн: Зочин цаг: 18:57, 2018-02-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax