2010-11-19
Монгол шиг хөгжимлөг хэлтэй улс дэлхийд бараг л байхгүй

Хүүхэд багачуудын амтархан унших дуртай олон сайхан бүтээлийн эзэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогтой ярилцлаа. Тэрбээр 100 гаруй үлгэр, өгүүллэг, шүлгийн номтойгоос гадна “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурь, “Гэсэр” жүжиг, “Модон могой” уран сайхны кино зэрэг тайз дэлгэцийн 20 гаруй бүтээлтэй уран бүтээлч. Өөрөөр хэлбэл Монгол хүүхдүүдийн хувьд уран зохиолын ертөнцтэй танилцах анхны алхмыг нь  хийдэг буянтан. Ингээд хүүхдүүдийн хайртай хүн, хүүхдийн зохиолч түүнийг Өглөөний цай” буландаа урьж ярилцсанаа танд хүргэе.

Д.Нэргүй

Улаанбаатар таймс

-Таны бүтээлийг уншиж үзээгүй монгол хүүхэд байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Сүүлийн үед  уран бүтээлийн цар хүрээгээ өргөжүүлж фото зурагтай ном гаргаж байгаа гэсэн. Бяцхан уншигчдад чинь таалагдаж байгаа болов уу?

-Сүүлийн үед би бодит тал руу хандсан баримтат уран бүтээл түлхүү  хийж байгаа. Фото зурагтай болохоор  нэг талаар сэтгүүл шиг, нөгөө талаар зохиол ч юм шиг ном гэсэн үг л дээ. Энэ чиглэлээр Булган аймгийн харъяат Монгол Улсын арслан Жамъяндоржийн тухай “Тэмээ өргөдөг, ямаа өргөдөг” гэдэг номоо бичсэн. Түүний зээ хүү бөх барилдах дуртай юм билээ. Нэг удаа хүүгээ бөхийн тэмцээнд оруулаад бөөн баяр хөөр болоод байж байтал хүү нь нэгийн даваанд уначихсан. Мань хүн ч, за явъя гээд хүүгээ дагуулаад гарсан. Тэгэхээр нь би уран бүтээлч хүний сониуч зангаар хаашаа явах нь вэ гэж сониучирхаад дагатал дэлгүүрт ороод чихэр авч байна. Би дотроо, унасан бөхөд чихэр авч өгмөөргүй юм даа гээд гайхаж байтал эргээд барилдааны талбай руу алхаж очоод давсан хүүхдийг миний хүү, нааш ир, хүний үр ялгаа юу байхав гээд чихэр өгсөн. Тийм л сайхан өгөөмөр  сэтгэлтэй хүн шүү дээ, манай арслан. Номынхоо нээлтийг Булган аймгийнхаа 70 жилийн ойгоор хийхэд, Жамъяндорж арслан үг хэлсэн. Дашрамд өгүүлэхэд манай Бүрэгхангай сумынхан надад уран бүтээлийн байшин барьж өгсөн. Зун байшиндаа очиж, уран бүтээл хийх үеэрээ эхээс анх мэндэлсэн газраараа явдаг юм, би. Нэг удаа салхилж явтал зургаан настай их хэвлүүхэн хүүтэй тааралдсан. Хүү, өнөөдөр их халуун өдөр болох нь ээ гэж байна. Чи яаж мэдэж байгаа юм гэсэн чинь тугалын сүүл эгц босоо байна гэлээ. Тэр хүүхэд өөртөө нээлт хийчихсэн байгаа нь тэр. Ямар сүрхий хүүхэд вэ гэж хойноос нь бүтэн сар дагаж зураг авч яваад “Исгэлэн даага” фото зурагтай номоо бичсэн. Энэ жил тэр хүүтэй очиж уулзсан чинь том болоод морь  унаж түрүүлээд 300 мянган төгрөгөөр шагнуулчихсан жигтэйхэн баяртай байна лээ.  Номын утга нь даагаа уралдуулсан чинь нэлээн сүүлд давхисан. Тэгээд эх нь гэнэт янцгаахад даага нь хар хурдаараа давхиад түрүүлчихэж байгаа тухай, хаана ч давтагддаггүй монгол хүүхдийн ухаан, авхаалж сэргэлэн байдлыг харуулахыг зорьсон. Ташрамд сонирхуулахад, Герман улсын кино груп миний тухай кино хийж байгаа. Өнгөрсөн зун Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд очиж шүлэг уншуулж, уншигчидтай уулзалт хийлгэж зураг авсан. Ирэх жил гарах юм гэсэн.

-Хотын дуу чимээнээс хол уран бүтээлийнхээ байшиндаа очихоор уран бүтээлийн олз арвижна биз?

-Би сүүлийн 10 гаруй жил тэр байшиндаа сууж бүтээлүүдээ хийж байгаа. Их гоё булагтай, булгийн ус толгой сэргээж, дотор ариусгаад л явчихдаг юм. Тэндээс  фото зурагтай олон ном “төрсөн”. Төрийн шагналт Л.Түдэв гуай 21 дүгээр зуун баримтат зохиолын зуун болно гэж хэлэхэд нь бид тухайн үед  маргаж, “Та зохиолчдын гаргасан ардын үлгэрийн уран сэтгэмжийг хааш нь хийх гээд байгаа юм” гэдэг байсан. Тэгэхэд мань хүн та нар 21 дүгээр зуунд өөрсдөө амьдраад хар гэсэн. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ бодит зохиол руу татагдчихлаа шүү дээ. 100 жил уншиж байгаа  адал явдалтай зохиолын шинж ажиглагдах болж. Олон улсын шагнал авсан зохиолчдын бүтээлийг харахад ч баримтан дээр тулгуурласан байгаа. Бодит зүйлийг уран болгож зохиомжилж уншихад уран зохиол шиг хэрнээ цаанаа амьд баримттай зүйл рүү орсон нь анзаарагддаг. Би ч тэр урсгал руу өөрийн эрхгүй татагдаж орчихоод байна. Түдэв гуай асар холыг харж хэлсэн байгаа биз.

-Хүүхдийн зохиолыг аль болох сонирхолтой байдлаар бичиж байж хүүхдэд хүргэх шаардлагатай болдог байлгүй. Хүүхэд их сониуч байдаг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Нэг удаа зохиолч Горькийгоос зохиолчид яаж хүүхдийн зохиол бичих вэ гэсэн чинь том хүнд бичдэгээсээ илүү бич гэж хэлснийг онож хэлсэн тодорхойлолт гэж боддог. Илүү бичнэ гэж хүүхдийг эхний хуудаснаас нь эхлэн татаад хөтлөөд явчихыг хэлж байгаа юм. Уран чадвар ч их орно. Тухайн зохиолыг дуусан дуустал унших  сонирхол төрүүлж байж л хүүхэд уншина шүү дээ.

-Хүүхдийн зохиолчийн онцлог юу вэ?

-Онцлог гээд байх юмгүй, яг л том хүний зохиолтой адилхан. Уран сайхны дүр гаргадаг, үг хэлний хувьд цэвэр тунгалаг найруулгатай байх ёстой. Гэхдээ манайд хүүхдийн хэлээр бичиж байна гээд тал тул гэсэн хэлээр бичээд хүүхдийн зохиолыг ядууруулсан тал бий. Миний бодлоор хүүхдийн зохиол найруулга сайтай, дээд зэргийн цэвэр тунгалаг, монгол хэлний яруу тунгалаг хэлбэрээр бичигдсэн байх ёстой.

-Монголд тоотой хэдэн хүүхдийн зохиолч байдаг. Хүүхдийн гэх бүтээл ховордсон энэ үед та бүхний оюуны хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ?

-Үнэлдэг. Манайд 40-өөд хүүхдийн зохиолч байдаг. Хамгийн том нь Төрийн шагналт Л.Түдэв, Д.Гармаа. Харин над шиг Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч нэлээд олон бий.

-Бүтээл хэдий хэр хугацаанд гараас гардаг вэ?

-Хүүхдийн зохиол гэж явцуурах шаардлагагүй. Утга зохиол бүгд адилхан. Яаж сэдвийнхээ хойноос хөөцөлдөж байж олдог вэ, яаж зохиолоо бичих вэ гээд яг л бусад зохиолчидтой адилхан. Ганцхан илүү хүчтэй бичих хэрэгтэй. Хүчтэй бичихгүй бол хүүхэд хүлээж авахгүй шүү дээ.

-Шүүмж судлаачид бусдын бүтээлд шүүмжлэлтэй ханддаг. Таны ямар бүтээлийг шүүмжилж байсан бэ?

-Тийм ээ. Чи муу ганцаараа “Хөх тэнгэрээс заяатай” хүүхдийн зохиолч бусад зохиолчид нь заяагүй юм уу гэж шүүмжлүүлж байсан. Тэгэхээр нь би өөрийгөө бичээгүй, анхны бүүвэйн дууллыг бичиж, хүүхдийн утга зохиолыг үндэслэсэн зохиолч,  анхны бүүвэйн дууг зохиосон ээжийг хэлсэн. Бас ардын сайхан үлгэрүүдийг зохиосон хүнийг, мөн үлгэрээрээ дэлхийг байлдан дагуулсан Ханс Кристиан Андерсен,  “Дээвэр дээр суудаг Карлсон”,”Лемберо тосгоны Эмиль хүүгийн явдал” зэрэг маш олон зохиол бичсэн 20 дугаар зууныг эзэлсэн хүүхдийн зохиолч Астрид Линдгрен, дээр нь манай мундаг хүүхдийн зохиол бичсэн  хүмүүсийг  хэлсэн юм. Ганц өөрийгөө өргөмжилсөн хэрэг биш гэж тайлбарласнаас хойш гайгүй  болсон. Ер нь залуу байхад дандаа шүүмжлэл дундуур явдаг шүү дээ. Тухайн  үедээ дургүйцдэг байсан ч одоо бодоход зөв байж гэж боддог. Гэхдээ дандаа шүүмжлүүлээд байна гэж юу байхав, магтуулж ч байсан. Тухайлбал “Аав ээж би” шүлгийн талаар  “Утга зохиол” сонинд бүтэн нүүр сайшаасан зүйл бичсэн. Тэр урманд өдий зэрэгтэй уран бүтээлч болсон доо. Одоо ч би шүүмжээс халгадаггүй. Шүүмжлүүлэх тусам улам ир ордог гэх үү дээ. Хүн нэг хэвэндээ тогтчихож магадгүй учраас шүүмжлэл хүнийг ташуурдаж өгдөг юм.

-Ингэхэд Америкийн тэргүүн хатагтай Лора Буш танд захидал бичсэн байсан. Таны бүтээл сэтгэлд нь хүрсний л илрэл шүү дээ?

-Миний “Чулуун домог” номыг уншаад хүүхдүүд амьтдыг өрөвдөөд их уйлсан тухай  олон захидал бичсэн. Хүүхэд уйлахыг би сайн гэж боддог. Яагаад гэвэл хүүхэд өрөвдөх сэтгэлтэй болж байна гэсэн үг. Хүүхдүүд огт худлаа юм бичдэггүй болохоор би итгэдэг. Түүнийг сонсоод Америкийн тэргүүн хатагтай Лора Буш таны агуу энэрэнгүй сэтгэлийг өндрөөр үнэлж байна гэсэн утгатай захидал бичсэн байна лээ.

-Эндээс таны бүтээл Монголд төдийгүй гадаадын  оронд хэрхэн үнэлэгддэг нь харагдаж байна л даа. Бүтээлүүд тань аль аль оронд хэвлэгдсэн бэ?

-Миний бүтээл социалист орнуудад их хэвлэгдсэн. Сүүлд Японд дөрөв,  Солонгост зургаан ном гарсан. Би 100 ном бичсэн. 60-аад гадаадын орны шилдэг зохиолуудыг орчуулж “Бэхийн саван дахь илбэчин” нэртэй ном болгож гаргасан. Гэхдээ энэ ном  нэг их үнэлэгдээгүй. Яагаад гэвэл тэр өндөр хөгжилтэй орон биднээс  нэг түвшин дээшээ явж хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх зохиол руу их орчихсон. Энэ нь хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, оюун ухааныг задрааж сэтгэлгээнд хүчтэй цочрол өгдөг урсгал юм билээ. Тэр үеэс энэ урсгалаар  бичье гэж бодоод “Морьтой үлгэр” зохиолоо бичсэн. Энэ номонд гүн ухааны есөн үлгэр байгаа. Нэг үлгэр нь ердөө хоёрхон хуудас. Арав хориод хуудас бичсэнээ хассаар байгаад хамгийн сүүлд хоёрхон хуудсанд багтаасан. Эртний монголчууд үхрийн махыг үнхэлцэгт нь багтаадаг гэдэг аргыг үгийн урлагт хэрэглэсэн юм. Энэ бүтээл маань олон оронд хэвлэгдсэн. Ялангуяа Солонгост зураг хөрөгтэй маш гоё хэвлэгдсэн. Би номоо тийм гоёмсог хэвлүүлж байгаагүй.  Зохиолуудын маань  дотроос “Аав ээж би” ном хүүхдүүдийн дунд их нэртэй бүтээл болсон. Номын минь зургийг миний дүү зургаан настай байхдаа зурсан. Тэр өөрийгөө баруун гартаа зургаан хуруутай,  зүүн хөлдөө дөрвөн хуруутай болгоод зурчихжээ. Яагаад гэсэн чинь баруун гар бичдэг зурдаг, харин зүүн гар юу ч хийдэггүй залхуу болохоор нь тэгж зурсан юм гэж хэлсэн юм. Бас өөрийгөө дөрвөн хөлтэй зурсаны учрыг нь асуутал шувууны бага нь жиргэдэг, хүний бага нь гүйдэг гээд намайг гүйлгээд байхад хоёр хөл хаанаа ч хүрэхгүй юм, хэрэв би дөрвөн хөлтэй бол дэлхийг тойрч чадна гэсэн.  Бас болоогүй ээ, нэг чих нь том, нөгөө чих нь бага зурснаа үглээд байхаар чих багасаад , үлгэр сонсоод байхаар чих томроод байх юм гэж тайлбарласан. Хүүхдийн суут чанар харагдаж байгаа биз. Гэтэл бид төдийлөн анзаардаггүйгээс болж өөр шигээ сэтгэж бичээд байгаа юм. Тийм учраас би хүүхдийн гэнэн чанараас нь илүү суут ухааныг нь гаргахыг зорьдог.

-Бас таны бүтээлээс сонгож авч хүүхдүүд уралдаан тэмцээнд их оролцдог. Энэ нь уран бүтээлчийн цар хүрээ ямар байгааг илтгэж байгаа хэрэг шүү дээ?

-”Уран жиргээ” наадамд хүүхдүүд миний шүлгийг их уншдаг. Тэмцээнийг санаачлан зохион байгуулснаас хойш 14 жил өнгөрч. Энэ наадамд олон жил шүүгч хийлээ. Хүүхэд шүүх хэцүү юм билээ. Бүгдээрээ  сайхан уншиж байгаа болохоор байр эзлүүлэхэд ч хэцүү байдаг юм. Гэхдээ би тухайн зохиол юуг харуулж, юуг дүрсэлж байгааг яаж итгэл үнэмшилтэйгээр гаргаж байна гэдгийг онцолж хардаг. Тухайлбал морь давхиж байгаа бол морины төвөргөөнийг, бороо орж байгаа бол борооны шуугианыг гаргах жишээтэй.  Ер нь хүүхдийн зохиол хөгжимлөг дүрслэл сайтай байх хэрэгтэй. Тэр чанаруудыг гаргах нь зүгээр гэж боддог.

-Зохиолчид бие биеэ дуурайхаас зайлсхийж өөрийн гэсэн өнгө аястай байхыг чухалчилдаг. Таны хувьд?

-Хүний дууг хичнээн дуурайж дуулаад хол явдаггүйтэй  утга зохиол адилхан. Тийм учраас өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болж байж зохиолч болно. Өөрөөр хэлбэл давтагдашгүй өнгийг олж өөртөө бий болгож байж чанартай бүтээл туурвина гэсэн үг.

-Нээрээ таны шүлгүүд хөгжимлөг байдаг юм байна шүү?

-Тийм ээ. 2007 онд Америкт 2007 онд “Аранзал зээрд” шүлгээ

Хатан дэлхийг

Дөрвөн туурай

Дөрвөн туурай

Бөмбөрдөнө

Хайр чулуу

Арван зүгтээ

Арван зүгтээ

Цацагдана гэж уншаад энэ юуны тухай шүлэг вэ гэсэн чинь нэг хүн  морины тухай шүлэг гэж хариулсан. Хэл мэдэхгүй хэрнээ шүлгийн хэмнэлийг ойлгож байгаа байхгүй юу. Монгол хэлээр уншиж байхад та яаж ойлгож байна вэ гэхэд морь давхиад байна шүү дээ гэж хариулсан. Тэр үед би өөрөөрөө биш монгол хэлээрээ бахархаж байсан.   Ер нь монгол хэл шиг хөгжимлөг хэлтэй улс дэлхийд бараг байхгүй. Манай монгол хэл, морь давхитал бичиж болдог ямар сайхан, агуу хэл бэ гэж бодоод танай Америкт морь давхиулж болох уу  гэсэн чинь болохгүй, ийм зүйл манайд байдаггүй гэсэн. Баярлаад уйлчихсан, бас манай эхнэр ч уйлсан.

-Хэдийгээр уншигчдад зориулж бүтээл хийж байгаа ч гэсэн арилжааны бүтээл гэж байх ёстой юм шиг санагддаг. Таны хувьд бүтээлээ хэрхэн үнэлдэг вэ?

-Арилжааны бүтээл байх ёстой. Би сүүлийн үед өөрөө номоо хэвлүүлж, бас борлуулж байгаа. Номынхоо мөнгийг нүүдлийн номын сандаа ашигладаг. Би эхнэр, хүүхдийнхээ хамт  20 жил бүх аймгаар очиж нүүдлийн номын сан ажиллуулж байгаа юм. 1990 онд хүүхдүүд ном уншихаа байчихсан үед өөрийнхөө хөрөнгөөр 108 ном хэвлүүлж байлаа.  Энэ жил Дорнод Сүхбаатар аймгаар аялаад ирсэн.

http://sonin.mn/?p=101114

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:57 | Бусад
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax