2010-07-13
Алтан гургалдайнууд минь жиргэ, жиргэ!

 

“Уран жиргээ” одоо улсын хэмжээний том уралдаан болжээ. Анх нийслэлийн хүрээнд л эхэлсэн. 1994 оны намар би Монголын радиогийн “Хүүхэд уран зохиол” нэвтрүүлэг хариуцан ажиллах болов. Нэр нь нэг биш санагдаад болдоггүй. Тэгээд өөрчилж орхилоо. “Уран жиргээ” гэж. Эхлээд хүүхдийн зохиолчдыг цуглуулж хамгийн шилдэг шүлгийг нь уншуулаад радиогийн аотан санд хадгалууллаа. Дараа нь уншигч багачуудын индэр болгов. Гэтэл нэг өдөр нэвтрүүлгээ тэмцээн болгон өргөтгөх бодол төрлөө. Санаагаа Мөнхийн Чойжамц гуайд хэлтэл сөөнгөдүү паргиа хоолойгоор “Уул нь болох л юм” гэв. Тэр үед бид хоёр Монгол телевизийн “Хүүхдийн зохиолч” цуврал нэвтрүүлэг хамтарч хийдэг байсан юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн урам зориг хайрласан тул хүүхдийн ордон орлоо. Драмын дугуйлангийн багшаар дөнгөж саяхан сургууль төгсөж ирсэн Саранхүү гэгч жавхалзсан бүсгүй ажиллах болжээ. Тэмцээний тухай ярьтал “Ямар сайхан юм бэ?” хэмээн дуу алдан дэмжлээ. Тэгээд л бид гурав анхны тэмцээнийг нийслэлийн Боловсролын газар хийж шүүгчийн ширээнд суув аа. Тэгэхэд цэцэрлэгийн насныхан олон, сургуулийн хүүхдүүд цөөхөн байсан. Хүүхэд олон тул тааруухан уншиж байсан хүүхдүүдийг шүлгийг нь дуусгалгүй шууд зогсоогоод дараагийн хүүхдийг уншуулж байлаа. Тэгтэл нэг эцэг “Чи яагаад хүүгийн минь шүлгийг гүйцэд сонсдоггүй юм бэ?” гээд заамдан авлаа. Саранхүү сандарч “Яана аа, багш аа!” хэмээн хашгирч, Чойжамц гуай нэлээн цаана инээчихсэн зогсож байна. Уул нь тэр эцгийн зөв л дөө. Хүүхдийнхээ төлөө яахаас ч буцахгүй яваа нь надад тийм ч буруу биш санагдлаа. Ямар ч гэсэн хүүхдэд зориулсан шүлгийг хүмүүс сонирхож байгаа нь сайхан. Энэ тэмцээн цаашдаа улам өргөжиж их өрсөлдөөний талбар болох нь гэсэн итгэл бид гуравт төрсөн. “Уран жиргээ” ингэж л эхэлсэн. Өнгөрсөн арван жилд энэ уралдааны дэвжээнээс олон залуу жүжигчид төрөн гарчээ. Өөр мэргэжилтэй боллоо ч яруу найрагтай садан төрөл болж түүний нөмөр түшигт зам мөрөө олсон нь ч цөөнгүй.

Анхны тэмцээнд 61-р цэцэрлэгийн Эрдэнэцогт гэдэг жаал хүү миний “Айраг” шүлгийг бодож бичсэнээс минь илүү сайхан уншиж хол тасархай түрүүлж билээ. Түүний уншлагаас эссэн айрагны шуугиан, адуун сүргийн төвөргөөн сонсдож, тэр ч байтугай уруул чимчигнүүлсэн амт нь хүртэл тагнайд хүрэх шиг болж байлаа. Одоо “Уран жиргээ” монголын хүүхдийн ордонд болж, драмын дугуйлангийн багш Ж.Амарзаяа бид зохион байгуулж байна.

“Уран жиргээ“ хүүхдийн зохиолчдын шүлэг зохиолыг уншигчдынх нь өмнө нээж гаргахад их үүрэг гүйцэтгэсэн. Түүнд манай хүүхдийн зохиолчид баярлаж явдаг. Зөвхөн миний шүлгүүдийг л гэхэд Орхон, Эрдэнэболор, Нямдаваа, Энхрийшагай, Уянга, Минжин, Чимэддагва, Түвшинбаяр, Ганпүрэв, Ганчулуун, Рэнжиндорж, Должинсүрэн, Мөнхбаатар нарын олон хүүхэд уншиж ихэнх нь алтан медаль хүртэж байсан билээ. Алиныг нь гэж онцлох вэ. Гэсэн ч тэмцээн юм болохоор аль нэг нь түрүүлж л таараа. Түүнийг шүүнэ гэдэг л бэрх дээ. Хурдан морины уралдаанд бол хамгийн сайн уяа сойлго таарсан нь олны нүдэн дээр түрүүлээд ирж байна. Гэтэл уран уншлагад түрүүлж яваа нь нүдэнд харагддаггүй. Бид “Уран жиргээ”-г шүүхдээ ямар нэг нөлөөлөлд автагддаггүй. Нэгэн удаагийн тэмцээн дээр ийм явдал болсон. Үзэгчид нэг жаалыг л олон удаа дахиуллаа. Тийм ч сайн уншихгүй юм. Тэгтэл яагаад дахиулаад байна гэж гайхлаа. Тэгсэн чинь шүлгээ уншаад ёслоход нөгөө жаалын үс сэгсгэх хийх нь инээдтэй байж л дээ. Түүнийг нь харах гэж дахиулсан юмсанж. Ийм үзэгдэл яалаа гэж дүнд нөлөөлөх вэ дээ.

Хүүхдүүд биднээс яаж унших вэ? гэж их асуудаг. Эн түрүүн өөртөө таалагдсан шүлгийг сонгож олох хэрэгтэй. Яаж уншихыг шүлэг чинь аяндаа заагаад өгнө. Зохиолчийн хэлэх гэсэн санааг уран уншлагын гайхамшгаар баяжуулан амьдруулж, үзэгчдийн сэтгэлийг хөвсөлзүүлэн догдлуулж чадвал л болох нь тэр. Шүлгийг номын хуудаснаас босгож олон түмэнд шинээр нээж өгнө л гэсэн үг. Зохиолчийн үгэнд хавчигдах хэрэггүй, сонирхолтой болгохын тул өөрөө баяжуулж бас болно шүү дээ. Энэхүү номонд орсон шүлэг зохиолыг аль болох насны ангиллаар болгохыг оролдлоо. Гэвч тийм нарийн зааг тогтоох амаргүй л дээ. Тиймээс аль ч насныхан өөртөө таалагдсан шүлгийг аль ч ангиллаас олж уншиж болно. Гагцхүү өөрийн болгох л хэрэгтэй. Бас энэ номд орчуулгын бүтээлүүдээсээ шилж орууллаа. “Уран жиргээ”-ний урын сан гадаадын зохиолоор баяжиг.

Тэмцээн эхлэхийн өмнөхөн зарим нь “Манай хүүхэд тэр шүү, анхаараарай!” гэж захих нь цөөнгүй байдаг. Би хэлдэг. Хүлгийн уралдаанд “Манай морь тэр шүү, анхаараарай” гэж морины комисст захидаггүй биз дээ. Түүн шиг хүүхдийн уран уншлагын уралдааны дэвжээ ямагт ариун байг! гэж. Яахав, зарим нэг хуудуутай тэмцээн байдаг л биз. Гагцхүү “Уран жиргээ” л шударга үлдэх ёстой юм шүү! Миний хүүхдүүд, яруу найргийн энэхүү ариун тансаг дэвжээн дээрээ уран үгээр алтан гургалдай шиг жиргэж түмэн олноо баясгаарай! Тэр тоолноор монголын хүүхдийн уран зохиол улам өндрөө аван дээшлэх болно.

 

2004 он

 

P.S: “Уран жиргээ” номын өмнөх үг

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 14:15 | Шүүмж, тэмдэглэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


энэ дээр гарын үсэг мүсэг гэж бичсэн зочин би шүү.... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 19:20, 2010-07-16 | Холбоос | |


Сайхан бичжээ...
Уншаа нээрээ л тийм гэж дэмжмээр олон зүйлс бна...
Нээрээ та 10 жилд байхад маань манай сургууль дээр ирж яриа хийснийг санжийна шүү..Би багаасаа л элдэв лекц яриа хэсдэг хүүхэд бсан болохоор сайн санжийна...Бас таны гарын үсгийг авч бсан...Харамёалтай нь хэдэн жилийн өмнө алга болгочихсон... гуниглах
Бичсэн: Зочин цаг: 18:33, 2010-07-13 | Холбоос | |


Яаг зөв. Хүүхдийг хүртэл багаас нь арын хаалгаар хүмүүжүүлвэл яах болж байнаа...Хүүхэд гэдэг өөрөө хамгийн ариун нандин, хир буртаггүй гэгээн цайлган сэтгэлтнүүд байдаг болохоор тэдний өрсөлдөөн нь хүртэл ариун байх хэрэгтэй гэж би бодож байна... тэврэлт ...
Монголын уран жиргээчид маш олон болох болтугай... тэврэлт
Бичсэн: Зоригт ван цаг: 16:09, 2010-07-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax