2010-03-23
Би ямагт шинэ нутаг хүсэмжлэх нүүдэлч овгийн хөвгүүн билээ

 

Анхны номоо гаргачихаад сууж байхад манай анги давчуухан ч болчихсон мэт санагдаж байж билээ. Тэгэхэд би 17 настай байлаа. Сурагчийн ширээн дээр номоо гаргасан хүүхэд урьд нь монголд байсангүй. Тэгэхдээ бүр улсын хэвлэлийн газраар гээч. Түүнийг нийслэлээс манай сургуульд ирж уулзалт хийсэн Содномдорж гэдэг зохиолч гаргаж өгсөн. Өөрөө тэр хүүхдийн утга зохиол хэмээх атар газарт бараг ганцаараа анхлан очоод байж. Тэндээ намайг хань татсан ч юм уу, бүү мэд. Ямарч л гэсэн би түүний ер бусын авъясанд өөрийн эрхгүй татагдсаар бага балчир насандаа айлсан бууж билээ. Өгөөж хишиг нь дэлгэрсэн тэр газар би 6 ном гаргалаа. Ажаад байвал уншигчид намайг нэг л тоох янзгүй. Харин Содномдорж багш маань улам л өндөрлөгөө авсаар байлаа. Уул нь би яг түүн шиг л бичээд байгаа мөртлөө уншигчдаа яагаад байлдан дагуулж чадахгүй байна вэ?

Бидний багад Түмэндэмбэрэл гэж талын үелзүүр салхи шиг сэмбэлзтэл дуулдаг нэгэн байв. Түүний хоолой өвөрмөц тул дуурайж дуулах хүн цөөнгүй. Гэтэл дуурайсан бүхэн нь гээгдэж, анхлан дуулсан нь алдрын оргилд хүрэв. Ай, урлагт тийм хатуу хууль байдаг ажээ. Түүнийг өөр дээрээ татаж бодвол би ч бас хүний хоолойгоор дуулсан байх нь ээ! Яая гэхэв, Содномдорж багшаасаа салж нүүхээс өөр аргагүйд хүрлээ. Уран бүтээлийн шинэ нутаг олж бууна гэдэг давшгүй даваа, хүршгүй хүсэл мэт санагдана.

Чингис хааны хөвгүүддээ айлдсан “Давшгүй даваа буй хэмээн сонсдоно. Хэр давах хэмээн бүү сэтгэ, давъя хэмээн сэтгэвээс давъюу” гэсэн эрэмгий үг намайг зоригжуулж эрлийн замд гаргав. Номын сан, сургууль, гадаад орнууд гээд л бараг яваагүй газаргүй болов. Тийнхүү шинэ нутаг хайсаар явтал нэг мэдэхнээ таван жил өнгөрчээ. Гэтэл би улиг болсон хуучин нутгаасаа салж чадсангүй. Арга мухардлаа. Нэг өдөр гэртээ хэвтэж байтал 7 настай Цолмонбаатар гэдэг дүү маань зурсан зургаа авчирч үзүүллээ. Хоёр талдаа гогцоотой, дундаа зураасан шүдтэй нэг зураг байна. “Сам юм уу? гэтэл биш ээ, хонь! гэж байна. Би асуулаа. Тэгвэл аль нь толгой, аль нь сүүл юм бэ гэж? гэж. Тээр хол бэлчиж яваа юм чинь сүүл толгойг нь яаж ялгах юм бэ гэж байна, өөдөөс! Би Эврика! гээд хашгиран бослоо. Тэр чигээрээ ухаан! Тэр чигээрээ шүлэг! Бусад зургийг нь үзлээ. Ой модыг амаа ангайж байгаагаар зуржээ. Хөвчид ороод хашгиртал урдаас дуурайгаад байхаар нь тэгэж зурсан гэнэ. Цааш нь үзвэл бүр ч зугаатай. Хөдөөний мал сүрэг хотын хүмүүс шиг таван давхар байшинд суугаад л,  өглөө бэлчээрт гарахдаа гэрэл дохиогоор яваад л, ямаан сүрэг хаданд авирахдаа уулчид шиг бие биенээ олсоор татаад л… Ай, би хүүхдийн уран сэтгэмжийн хязгааргүй чөлөөт ертөнцөд нэгэнт оржээ. Юунд ч баригдаагүй дүрслэлтэй хүүхдийн зураг шиг тийм гэхийн аргагүй хачин хэлбэртэй шүлгүүд аяндаа урсаад ирлээ. Хүүхдийн өнгөт зургийг үгээр орчуулчихсан ч гэмээр юм уу? Ямарч л гэсэн би эрэл болсон шинэ нутгаа олох шиг боллоо. Дөрвөн мөрөөр хайрцаглан бадаглаж бичдэг уламжлалт хуучин аргаас би салах шиг боллоо. Шүлгийг урт сунжруу болгодог элдэв тодотгол үгээс салж, адтай хөгжил хөдөлгөөнийг үүсгэдэг үйл үгтэй би найзалж эхэллээ.

Нэгэн удаа би Антилийн арал дээр ургаж буй дал модыг ажиглаж билээ. Түүний үе болгон дээр залуу шинэ навчис төрөн гарах бөгөөд хуучнаасаа даруй салж дээшээ ахин ахисаар өндөр гоолиг болдог санж. Тийм л замаар шинэчлэл хийгддэг байх. Уран зохиолд ч ялгаагүй. Гэтэл миний шүлгээс цухуйсан шинэ навчис ургаж өсөх үү, хагдарч унах уу гэдэг дээрээ тулав. Шүүмжлэлийн хар салхи дайран ирснээс тэр. Нэг хэсэг нь бодит байдлаас хазайж хэт хийсвэр сэтгэлгээ рүү орлоо гэж буруутгав. Нөгөө хэсэг нь шүлгийн мөрийг нэг үгээр давтан олшруулж мөнгөний хойноос хөөцөлдлөө гэж шүүмжлэв.

Гэсэн ч би тэдний өөдөөс хүүхдийн сэтгэлгээ хийсвэр байдгийг зурсан зурагнаас нь хар! аялга цохилт таарсан давталт хийх дуртайг тоглож буй хүүхдүүдээс хар!, энээ тэрээ гэж сөргөлдсөнгүй дув дуугүй тэссээр байж хар салхийг өнгөрөөлөө. Хэн нэгний үгэнд орж шинэ нутгаа ч сольсонгүй. Тэгэж байтал харин залуу авъяастнууд миний араас хошуурч гарлаа. Намайг шүүмжилж байсан нөгөө хуучцуул ч дагалдах л янзтай. Хүүхдийн яуу найрагт шинэчлэл хийв гэж судлаачид ч намайг хүлээн зөвшөөрлөө. За тэр шинэчлэл гэдгийг нь эрж тавхайгаа эргэтэл явсандаа, би. Тэгтэл ердөө дэргэд, цастай хүйтэн өдөр гэрт хашигдаж хийх байхаа олж ядахдаа зурсан дүүгийн минь зураг дотор байх юм гэж яаж мэдэхэв. Тийнхүү би шинэчлэл хийсэн гэгдэх “Mom Dad and Me” хэмээх номынхоо нөмөрт ганцаараа биш олуулаа удтал санаа амар суулаа. Гэтэл “Гай газар доороос” гэгчээр золгүй явдал тохиолдох нь тэр. Нэг л өдөр залуучуудын сонины ерөнхий эрхлэгчийн албанаас халагдаж, автобаазын диспечер болдог байна шүү. Монгол ажилчдын автобусыг оросын машин мөргөж, олон хүний амь егүүтгэсэн тухай найруулал сониндоо нийтэлснээс “зөвлөлтийн эсрэг үзэлтэн” нэр зүүж улс төрийн мунаар хайр найргүй нүдүүлж гарлаа. Коммунист чиг баримжаатай нэг намын тогтолцоо үзэл суртлынхаа бүх зэвсгээр нийгмийн уур амьсгалыг миний эсрэг эргүүлж, алхаж гишгэх газаргүй болгов. Хүй нэгдлийн үед омгийнхоо галаас хөөгдсөн хүн л тийм байсан байх. Гэсэн ч тэслээ. Тэсэхийн аргагүй ганц зүйл нь гэвэл ном хэвлүүлэх эрхийг минь хассан явдал байв. Хэвлэлд явсан номуудыг минь ч устгаж эхэлсэн. Тэр ч байтугай миний орчуулсан дэлхийн сонгодог зохиолчдын номыг хүртэл хориглов. За яахав, сэтгэн бодох эрх минь хоригдоогүй хойно учир олдох байлгүй. Үзгэн зэвсэг байсан цагт хэзээ ч газардахгүй. Би бичсээр л байлаа. Гэтэл яагаад ч юм яруу найргийн уянгат хөндий давчуудах мэт санагдах болж хүүрнэл зохиолын өргөн уудам тал газрыг мөрөөдөх болов. Ямагт шинэ нутаг мөрөөдөх нүүдэлчний энэ араншин уу? Одоо яая гэхэв, дахиад л эрлийн замд гарлаа. Эхнэр маань хэлж байна. Чи ер нь орчноо нэг өөрчилж үзвэл яасан юм бэ? гэж. Нээрэн ч тийм юм уу гээд амралтад явлаа. Тэнд амрагчид ихтэй тул гэр нэмэн барьж байв. Гэтэл хэдэн хүн хана, униа эвээр нь нийлүүлж чадалгүй маргалдаж эхлэв. Гэр барина гэдэг эв нэгдлийн сургуульд суралцахаас ялгаагүй мэт санагдаж нэг үлгэр бичтэл арван хуудас боллоо. Амралтаас их олзтой ирлээ гээд эхнэртээ үзүүлтэл паах, ийм нуршуу юмыг хэн унших юм бэ? гээд базаад хаячихав. Чи эмч хүн юугаа мэддэг юм гээд дургүйцлаа. Маргааш бодож байвал хүүрнэл зохиолын шинэ нутгийг би юу ч багтаж болох хязгаар хярхаггүй өргөн уудам тал гэж ташаа ойлгосон шиг байна. Яруу найргаас хүүрнэл зохиол руу нүүнэ гэдэг тийм ч санаагаар болдог юм биш бололтой. Эрлийн замд дахиад л гарлаа. Үзүүрийг нь харин ирээдүй рүү биш өнгөрсөн үе рүү хандууллаа.

Чингис хаан дэлхийг байлдан дагуулах аян дайнд гарахдаа үхрийн махыг үнхэлцэгт нь багтаах аргаар цэргийнхээ хүнсийг бэлтгэсэн байдаг. Тэр аргыг би үгийн урлагт авч хэрэглэв. Том санааг бага зайд багтаана гэсэн үг л дээ. Тэгээд нөгөө “Гэр” үлгэрийнхээ илүү үгийн усыг шахсаар ердөө хоёр хуудас хүрэхтэй үгүйтэй болголоо. Монголчууд ааруул тавихын тул аарцны усыг ингэж л шахдаг даа. Эцэст нь “Гэр” маань ганц үг сугалахад нурж унамаар тийм бат нягт болсон байв. Удаах үлгэрүүдээ ч тэр жишгээр бичсээр байтал нэг мэдэхнээ “Морьтой үлгэр” ном болж бүрдлээ. Тэгэж байтал ч улс төрийн уур амьсгал дулаарч дарангуйллын мөс хага ярагдан ардчиллын салхи сэвэлзэж гарлаа. Би ч гэсэн шийтгэлийн дөнгөнөөсөө салж торноос тавигдсан шувуу мэт эрх чөлөөтэй болов. Эмээгийнхээ ярьсан явсан үлгэрийг сонсож өссөн хөвгүүн морьтой үлгэр бичдэг боллоо. Үлгэр нь нэгэнт морьтой хойно хилийн дээс алхаж Хятад, Солонгос, Япон, Америк, Малайзад хүрлээ. За тэр ч яахав намайг хүүрнэл зохиолын шинэ нутагт хүргэсэн хойно болох нь тэр.

Энэ удаа харин над руу шүүмжлэлийн хар салхи биш магтаалын цагаан салхи зөөлөн зөөлөн үлээх янзтай. Нэг хэсэг нь “Морьтой үлгэр”-ийг уншаад хуур эгшиглэх мэт яруу сайхан хэлээр бичигдсэн тухай өгүүлсэн байхад нөгөө хэсэг нь гүн ухааны том санааг бага зайд багтаасныг нь үнэлээд “Хүүхдэд зориулсан есөн роман” гэж нэрлэсэн байна. Монголын нэрт зохиолч, доктор Л.Түдэв “Аранзал зээрдээрээ хүүхдийн яруу найргийн түмэн эх болсон Ж.Дашдондог одоо “Ногоон морь”-иороо үргэлжилсэн үгийн зохиолын түмэн эх болох янзтай. Болвол ч болог” гэж бичжээ. Ногоон морь нь “Морьтой үлгэр” номонд буй сэтгэлгээний нэгэн үлгэр болой.

Хүүрнэл зохиолын шинэ нутагт би “Чулуун домог” гэдэг бас нэг ном бичлээ. Түүгээрээ би монголд элбэг байсан ч одоо нэн ховордож яваа хээрийн амьтдын үгийг хүмүүст хүргэх гэсэн юм. Амьтны хэлийг мэддэггүйн балгаас ямар их эмгэнэлт явдал үүснэ вэ? Энэ номын хуудсан дээр олон хүүхэд нулимс унагажээ. Захидлууд нь түүнийг гэрчилнэ. Тэр ч байтугай АНУ-н тэргүүн хатагтай Лаура Буш уул номын англи орчуулгыг уншаад өчүүхэн бичээч намайг аугаа их энэрэнгүй сэтгэлтний хэмжээнд хүртэл өргөмжилсөн байлаа. Хүүрнэл зохиолын шинэ нутаг үнэхээр өгөөж хишиг ихтэй юм. Гэвч сэтгэл нэг л ханах биш. Хаа нэгтэйгээс уран бүтээлийн шинэ нутаг намайг даллан дуудаж эхэллээ. Хаа байна вэ, тэр шинэ нутаг? Одоогоор мэдэх юм алга. Дөрвөн цагийн эргэлтэнд хүйтэн дулааны улирал дамжсаар цаг үргэлж нүүдэллэж явах нь малчин монголчуудын амьдралыг ямар их сонирхолтой болгодгийг хэлээд баршгүй. Түүн шиг уран бүтээлийн шинэ замд ямагт шинэ нутаг хүсэмжлэх нь нүүдэлч овгийн бичээч миний дээдийн дээд жаргал. Хуучнаас шинэ рүү нүүх нь миний нэгэн насанд оногдсон заяа. Очиж үзээгүй огт өөр шинэ нутаг намайг хүлээж байна. Тийшээ би нүүлээ. Ямар олз омогтой явснаа дараа яримз. Баяртай!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:47 | Нийтлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


ta ehnerynhee tuhai bicheech, yaaj taniltsan geh met
Бичсэн: Зочин цаг: 01:05, 2010-10-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax