2010-03-31
Шинэ өглөө

Үүрийн шувуудын жиргээ шинэхэн

Үүлээр арчсан тэнгэр шинэхэн

Үлээх салхины амьсгаа шинэхэн

Өглөө болгон дандаа шинэ

          Шинийг хайх

          Эрлийн өглөө

          Шинийг хийх

          Урмын өглөө

          Шинийг нээх

          Хүслийн өглөө

          Шинийг авчрах

          Энхийн өглөө

Нарны алтан цацраг шинэхэн

Навчинд унасан шүүдэр шинэхэн

Найз нөхдийн бодол шинэхэн

Намуун өглөө дандаа шинэ

          Дахилт

Унших номын хуудас шинэхэн

Уянгат дууны аялгуу шинэхэн

Багачууд бидний яриа шинэхэн

Баярт өглөө дандаа шинэ

          Дахилт

аяыг Г.Пүрэвдорж



...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:35 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-03-30
Сайн байна уу?

Газар газрын найзууд аа

Сайн байна уу?

Гараа атган танилцъя аа

Сайн байна уу?

          Цэлмэг тэнгэр шувуунд хэрэгтэй

          Цэнгэг усан загасанд хэрэгтэй

          Нарны туяа цэцгэнд хэрэгтэй

          Найз нөхөд надад хэрэгтэй

Орон орны найзууд аа

Сайн байна уу?

Олуул сайхан танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

Алс алсын найзууд аа

Сайн байна уу?

Ая дуугаар танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

Улс улсын найзууд аа

Сайн байна уу?

Уран бүжгээр танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

 

аяыг Т.Чимэддорж

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:47 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-03-29
Таван зүс

-Хурга хурга чи яагаад

Хундан цагаан болсон юм бэ?

-Цасны сүүлчээр төрсөн юм чинь

Цагаан болох нь аргагүй биз ээ

 

-Ишиг ишиг чи яагаад

Хадган цэнхэр болсон юм бэ?

-Цэлмэг өглөө төрсөн юм чинь

Цэнхэр болох нь аргагүй биз ээ

 

-Тугал тугал чи яагаад

Зосон улаан болсон юм бэ?

-Ургах нарнаар төрсөн юм чинь

Улаан болох нь аргагүй биз ээ

 

-Унага унага чи яагаад

Хилэн хар болсон юм бэ?

-Харанхуй шөнө төрсөн юм чинь

Хар болох нь аргагүй биз ээ

 

-Ботго ботго чи яагаад

Алтан шаргал болсон юм бэ?

-Шаргын говьд төрсөн юм чинь

Шар болох нь аргагүй биз ээ

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:34 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Өрөөнд тагтаа орж ирлээ

Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ

 

Энх тайван гэж гарчиг тавилаа

Эхний мөрийг нь үүсгэн бичлээ

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал тагтаа байлаа

 

Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг

Үнэндээ тэр мэдсэн бололтой

Үнэнээс өөр санаагүй надаас

Үргэж айлгүй ирсэн бололтой

 

Аялгуут дууны өргөөг минь

Амгалан энхийн өргөө болголоо

Энэхэн дэлхийг минь тагтаа минь

Энх тайвны өргөө болгоорой!

 

аяыг Л.Галмандах


...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:21 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Тавтай нойрсоорой!

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч

Хүслийн цэнхэр шөнө айсуй

Бодлын хүлгээр одонд аялах

Болор мөнгөн шөнө айсуй

          Тавтай нойрсоорой

                   анд нөхөд өө!

          Тавтай нойрсоорой

                   ах дүүс ээ!

          Тавтай нойрсоорой,

                   алтан дэлхий!

          Тавтай нойрсоорой,

                   Алсын од оо!

Найртай цэлмэг өдөр өнгөрч

Найргийн цэнхэр шөнө айсуй

Зүүдний хүлгээр одонд зорчих

Зөн билгийн шөнө айсуй

          Дахилт

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч

Үлгэрийн цэнхэр шөнө айсуй

Эрдмийн хүлгээр одонд айлчлах

Энх мөнхийн шөнө айсуй

          Дахилт

аяыг Г.Пүрэвдорж



...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
2010-03-26
Түүдэг гал

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Галын дөл өөдөө!

Гал гал

Түүдэг гал

Ас ас

Бадран ас

Хүслийн дөл дээшээ

 

Агуй гэртээ

Аж төрөхдөө

Анхны хүн сүргийн

Асаан олж нээсэн

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Тужийн нарсанд

Тулалдаж явахдаа

Ардын журамт цэргийн

Асаан тойрч суусан

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

Алсын одонд

Айлчлан хүрэхдээ

Анд найз бидний

Асаан тойрч сууцгаах

Түүдэг галын очис шүү

Түүнд цучил нэмээрэй

Түлсэн галаа өрдөөрэй

          Түрлэг

аяыг Г.Пүрэвдорж

...
бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 10:52 | төрөл: Миний дуунууд
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих